|

Оюуны тамирчид ой тогтоолтын нээлттэй тэмцээнд тэргүүлэв

Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд буюу 18, 19-нд үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа.
 
Нийт 30 сая воны шагналын сантай тус тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.
 
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон бөгөөд тэмцээний дүн гарахад манай тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлснээс гадна тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт тогтоов. Тухайлбал, бага насны ангиллын "Зураг" төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд "Зураг" төрөлд Их мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд Олон улсын мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
 
Тус тэмцээний өсвөр насны ангилалд 10 төрлийн нийлбэр дүнгээр Олон улсын Мастер Э.Лхагвадулам түрүүлсэн бол Их мастер Б.Ариунсанаа 3-р байр эзлэв. Харин бага насны ангилалд Б.Хангал, О.Түвшинзаяа нар хоёр, гуравдугаар байрт тус тус орсон юм.
 
Дашрамд дурдахад, энэ тэмцээнээс 41 медаль хүртсэнээр манай оюуны тамирчид Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 дахь тэмцээнд амжилттай оролцон нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

431 сэтгэгдэл