Иргэдийн тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн талаар ХНХ-ийн сайд Н.Номтойбаяр мэдээлэв.
Улсын хэмжээнд 378 мянган тэтгэвэр авагч байгаагаас 60 хувь нь жилийн 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа юм. Энэ нь иргэдэд санхүүгийн дарамт учруулдаг тул ХНХЯ-наас өнгөрсөн долоо хоногт Хаан болон Төрийн банктай зээлийн хүүг 15 хувь болгохоор тохиролцож гэрээ байгуулжээ. Энэхүү хоёр банкаар нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг байна. Өнөөдрөөс 1-6 сар хүртэлх хугацаатай зээл авах иргэд 15 хувийн хүүтэй зээл төлөх юм. Харин одоо 18 хувийн хүүтэй зээлтэй байгаа иргэд түүнийгээ заавалж төлж дуусгах ёстой бөгөөд дахин зээл авах тохиолдолд 15 хувь руу бууруулна хэмээн сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-өөс өнгөрсөн сард хуралдаж, тэтгэвэр авагч иргэн үйлчлүүлэх банкаа өөрөө банкаа сонгодог болох шийдвэр гаргасан. Үүнээс өмнө ЭМНДЕГ-аас иргэдийн тэтгэврийг Хаан болон Төрийн банкаар дамжуулан олгодог байсан. Харин иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг болсноор арилжааны банкууд үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой юм. Одоогоор 11 мянган иргэн тэтгэвэр авах банкаа сонгосон байна.
Үүнтэй холбоотойгоор хоёр аймаг, нэг дүүрэгт шинээр тэтгэвэр тогтоох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж эхэлсэн. Өмнө нь би тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал байдаг талаар байнгын хороод болон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Аяны хүрээнд ч энэ асуудал үнэн гэдэг нь батлагдаж байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арижлааны банкуудад есөн хувийн хүүтэй хадгалуулж байсныг 15 хувь болгох шийдвэр гаргасан. Тус сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг бөгөөд хадгалмжийн хүүгээс жилд 58 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлдэг байна. Харин 15 хувь болгосноор төсөвт төвлөрөх хүүгийн орлого 61.6 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн” гэлээ.
Мөн тэрбээр ХНХ-ын сайдын эзэмшлийн компани гадаадаас 2000 ажиллах хүч авах болж, татвараас чөлөөлүүлсэн гэсэн мэдээлэлд тайлбар хийлээ.
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах хууль анх 2001 онд батлагдсан байна. Энэ хуультай уялдуулаад Засгийн газрын 41 дүгээр тогтоол гарсан. Тогтоолоор төмөр зам, цахилгаан станц гэх мэт үндэ:сний хэмжээний тоомоохон бүтээн байгуулалтад гадаадаас нарийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан авахад ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг болсон. Энэ тогтолцоо үүсээд 16 жил болсөн бөгөөд энэ хугацаанд 60 компани энэ хөнгөлөлтөд хамрагдсан байна. Зөвхөн сүүлийн 5 жилд 20 аж ахуйн нэгж хөнгөлөлт эдэлсэн байна. Саяхан "Монполимэт”, "МАК” компаниуд гадаадаас ажиллах авах, түүнийгээ ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Одоогоор зургаан компани ажиллах хүч оруулах хүсэлт тавьсныг судалж байгааг хэллээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирохсон асуултандаа хариулт авав.
-Тэтгэврийн зээлийн хүү дахин буурах уу?
-Ерөнхий сайдаас тэтгэврийн зээлийн хүүг шат дараатай бууруулах үүрэг өгсөн. ХНХЯ болон ЭМНДЕГ хамтран ажиллаж байна. Зээлийн хүүгээс гадна тэтгэвэр авагч өөрөө банкаа сонгодог болсон. Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байгааг тооцоолоод НДС-гийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс зээлийн эргэлттэй нь уялдуулан байршуулж байна. Одоогоор Хаан болон Төрийн банкинд 45 тэрбум төгрөг байршуулсан.
-Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлэх хүсэлтийг ХННЯ хүлээн авдаг. Тэгэхээр танд хамаарал бүхий компани хөнгөлөлт авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй юм биш биш үү?
-Импорт орлох, экспорт луу чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй нарийн мэргэжил шаардсан ажлын байранд гадны хүн ажиллуулахад хөнгөлөлт эдэлдэг. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуй нэгжид нээлттэй. Түүнээс биш "Монполимет” юм уу МАК-д үйлчлээд байдаг шийдвэр биш. Хуульд хөнглөлт эдлэх аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гэж заасан. Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийн асуудал биш.
-Та бол ХНХ-ын сайд. Монгол хүнийг чадавхжуулах үүрэг хүлээсэн сайд хувийн компанидаа Монголчууд хийж чадахгүй, нарийн мэргэжил шаардсан гэдэг шалтгаанаар гадны ажилтан авч байгаа нь хэр зохимжтой вэ?
-Цементийн үйлдвэрийн барилгыг барууны технологиор барих чадамжтай компани Монголд байхгүй. Түүнчлэн зөвхөн хятадуудыг оруулах талаар ярьж болохгүй. Энэтхэг, Германы инженер, техникийн ажилчид бий.
-Өмнөх Засгийн газрын үед танайх 100 ажилтан оруулж ирж байсан. Гэтэл энэ Засгийн газрын үед 15 дахин өссөн шалтгаан юу вэ?
-Зөвхөн цемент шохойн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуул хийх зорилготой ажилчид бий.
-Та бусдад үлгэр дууриалал үзүүлээд, хөнгөлөлт чөлөөлөлтөөс татгалзах боломж байхгүй юу?
-Энэ компани Монгол Улсын төлөө бүтээн байгуулалт хийж байна. Цементийн үйлдвэр барихаа болиод Хятадаас жилд 120 сая ам.долларын цемент худалдаад авах юм ууж. Энэ үйлдвэр баригдвал 750 ажлын байр бий болно. Жилд 130 орчим тэрбум төгрөгийн татварын эх үүсвэр шинээр нэмэгдэж байгаа юм.
-Та тэгэхээр хөнгөлөлт авах нь зөв гэсэн байр суурьтай байна уу?
-Зөв. Бүх компаниуд хөнгөлөлт авах эрх нээлттэй. Монголын төлөө хийж байгаа бүх компанийг хуулийн дагуу дэмжинэ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
1 143 сэтгэгдэл