|

Гялгар уутнаас татгалзахад ганц хоног үлдлээ

Гялгар уутнаас татгалзахад ганц хоног үлдлээ

 


Гуравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхэлж нийлэг уут буюу нэг удаагийн гялгар уут, сав хэрэглэхийг хориглоно. 
Хориглохдоо бүх нийлэг уут биш нийтлэг хэрэглэгддэг, 0.035 мм буюу үүнээс нимгэн нэг удаагийн нийтлэг уутны хэрэглээг хязгаарлах юм.
Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.
Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг БОАЖЯ, ГЕГ, МХЕГ хяналт тавьж ажиллана.
Эхний ээлжинд зах худалдааны төвүүдээр үнэ төлбөргүй бүтээгдэхүүн савлаж өгдөг 0.035 мм-ээс нимгэн хальсан уут буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын, 100-ын цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглээнээс хасах юм байна.
Харин 0.035 мм-ээс илүү зузаантай хүнсний зориулалттай уут болоод хүнсний скоч хэрэглэхийг хориглохгүй аж. Үүнийг тодруулбал "Е март”, "Миний дэлгүүр” зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдан авагч өөрийн хүссэн хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүнээ савлаж авахад бэлдсэн, тасалж авах зориулалт бүхий нийлэг уутыг хэрэглээнээс хасахгүй юм байна.
 

О.Гэрэл
Оллоо.mn 

142 сэтгэгдэл