С.УЯНГА
Ирэх жилүүдэд утаатай хэрхэн тэмцэх талаар үндэсний хөтөлбөрийг саяхан Засгийн газраас баталсан. Хөтөлбөрийг 2017-2019, 2019-2025 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.
– Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт ямар ажлууд тусгагдсан бэ?
-Хөтөлбөрт агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд туссан. Нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барих, нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий аймгийн төвд дулааны станц барих, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн парк байгуулах зэрэг ажил хийнэ. Хөтөлбөрт гэр хороололд хэрэглэж байгаа түүхий нүүрсийг 80 хувиар бууруулах зорилт тавьсан. Банкуудын холбоо болон бусад байгууллагуудтай ярьж "Ногоон зээл”-ийн сангаас санхүүжилт авч, халаагчаа худалдаж авах боломжийг орлого багатай айл өрхүүдэд санал болгоно. Нийтийн эрх ашгийн төлөө төрийн зохицуулалтаар хийх ажлын нэг нь энэ юм. Нийслэлийн есөн дүүрэгт агаарын чанарын судалгаа хийхэд уурын зуухнууд айл өрхүүдээс илүү агаарын бохирдол бий болгож байгаа нь тогтоогдсон. Тиймээс жижиг оврын уурын зуухнуудыг хааж, төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлж байна.
–Санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэх вэ. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахад хэр хэмжээний зардал шаардах бол?
– Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.9 их наяд төгрөг шаардлагатай. Санхүүжилтийн 201 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс, 1.5 их наядыг гадаадын зээл тусламжаас, 7.5 тэрбумыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаас, 650 тэрбум төгрөгийг хувийн хэвшлээс, 63 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс босгохоор тооцоолсон. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд төсвийн гол зардал зарцуулагдана. Нийслэлийн хогны гурван үйлдвэрийг шинэчлэн барихад мөн нэлээдгүй зардал гарч байгаа.
–Санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад зээл тусламжаар босгох зэргээр хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Монголын банкуудын холбоотой хамтарч "Ногоон зээлийн сан”-г байгуулъя. Дэлхий даяар хэрэгжиж байгаа "Ногоон сан”-гаас мөнгө татъя, гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр ажиллаж байна. Эхний үр дүнгүүд гарч эхэлсэн. Нидерландын Хөгжлийн банкнаас таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлье гээд агаар орчны бохирдлыг бууруулахад Банкуудын холбоотой гэрээ байгуулахаар ажиллаж байна. "Хас” банк ногоон зээлийн санг ашиглан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг зээл олгох чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа.
Уур амьсгалын ногоон сангаас "Хас” банкаар дамжуулж 25 сая ам.долларын зээлийн эх үүсвэр олгох нөхцөл бүрдэж байгаа. Цаашид олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж, ард иргэддээ туслалцаа үзүүлнэ.
–Хөрсний бохирдлыг бууруулахад нүхэн жорлонгийн асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?
-Азийн хөгжлийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг шийдвэрлэхэд гурван сая ам.доллар зарцуулна. Нийт 1800 айлын 00-ыг доторлогоотой болгохоор төлөвлөж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв хандлагаар хамтран ажиллах шаардлага байна.
–Стандартын шаардлага хангасан зуухыг нэвтрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ?
– Гэр хорооллын иргэдийн ахуйн хэрэглээний зуух агаарын бохирдолд хамгийн их нөлөөлдөг. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ахуйн хэрэглээний зуухны стандартыг боловсруулсан. Энэ стандарт ирэх сарын 1-нээс хэрэгжинэ. Тиймээс гэр хорооллын өрхүүдийг Дэлхийн банкны стандартад нийцсэн зуухаар солих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тараасан зуух Монгол Улсын ахуйн хэрэгцээнд тохирохгүй байгаа. Зөвхөн гэр халаах зориулалттай учраас хоол хийх боломжгүй болсон. Зуухыг төсвийн мөнгөөр тараахгүй. Харин иргэдийн эдийнзасгийн санхүүгийн байдалд нөлөөлөхгүйгээр зохицуулах буюу зээлээр олгох талаар Банкуудын холбоотой хамтран ажиллана.
–Стандартын шаардлага хангасан зуухыг хаана үйлдвэрлэх вэ. Үнэ нь хэдэн төгрөг байх бол?
-Нийслэлийн гэр хороололд 210 мянга гаруй өрх байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 220 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж, 176 мянган зуух тараасан. Гэтэл гэр хорооллын 20-30 хувь нь дээрх зуухыг хэрэглэж байна. Өнгөрсөн Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг хязгааргүй тавьснаар сайжруулсан зуух, түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орсон. Одоо бид энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Зуух үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүх аж ахуйн нэгжүүдтэй уулзаж байгаа. Зуухны үнийг бид тогтохгүй. Зах зээлийн зарчмаар явна.
0 сэтгэгдэл