|

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч, Архангайд осолдсон иргэнийг аварчээ


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Гантогтох, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Э.Одонтунгалаг, жолооч н.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг иргэний амь насыг аварчээ.
Тэд энэ сарын 01-нд агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч Архангай аймагт авто осолд орсон, биеийн байдал маш хүнд өвчтөнд яаралтай тусламж үзүүлсэн байна.
Авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон уг өвчтөнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Нацагдорж, эрчимт эмчилгээний эмч н.Эрдэнэхүү, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Даваажаргал, мэс заслын сувилагч н.Буяндэлгэр, н.Сосорбурам нартай хамтран яаралтай мэс засал эмчилгээ хийжээ.
Улмаар маргааш өдөр нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ахмад, нисэх багийн дарга, багш нисгэгч Yann Capitaine, нисгэгч Б.Сүх-эрдэнэ, инженер, дэслэгч Б.Төгөлдөр нартай хамт хүнд өвчтөнийг хот руу тээвэрлэж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ.
Одоо дээрх өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах болон бусад шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна гэж ГССҮТ мэдээлэв.




0 сэтгэгдэл