Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц 2012.03.02-ны "Үнэн” сонинд "Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн. Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч "Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан” гэжээ. Монголчууд туулай жилийн эхээр тунамал дүрт Богдынхоо барааг харж шуугилдацгаалаа. Шарын шашны тэргүүн гурван хутагтын нэг ард түмэндээ дэ-факто хүлээн зөвшөөрөгдөв. Харин нөгөө хоёр хутагт Далай лам, Банчин эрдэнэ нарын хувь заяа ээдрээтэй бас бүрхэг. Төвөдийг эрхшээгч, энэрэл нигүүслийн бодисад Жанрайсигийн хувилгаан, Төвөдийн оройн дээд шүтээн Далай ламын инстүүц энэ ард түмний нандин уламжлал. Гэвч энэ инстүүцийг хадгалж үлдэх хүндхэн даалгавар төвөдүүдэд тулгараад буй. Асуудал юу вэ гэвэл, өдгөө хоёр Банчин эрдэнэ, хоёр Гармава хувилгаан бий. Удахгүй хоёр Далай лам тодрохыг ч үгүйсгэхгүй. Богдоо тодруулчихсан монголчуудад уг асуудал хүртээлгүй мэт боловч түүхэн холбоо сүлбээ нь үгүйсгэгдэшгүй юм.
МАНЖИЙН ЭНХ АМГАЛАН
Манж Чин гүрний Канси хааныг монголчууд Энх амгалан гэдэг. Харин энд түүхийн судалгаанд сүүлийн үед бий болсон Pax Manjurica гэдгийн тухай цухас өгүүлье. Манж нар Хятадыг эзлээд монголчуудыг шарын шашнаар номхотгосон гэж бид ойлгож ирсэн. Харин Манж Чин гүрний түүхийн судалгаанд гарч ирсэн Pax Manjurica ойлголтоор бол олон үндэстнийг буддын соёлоор нэгтгэн зангидсан нь аугаа том гүрэн олон жил харьцангуй энх амгалан орших үндэс нь болжээ. Түүхэн судалгааны үүднээс ухаж төнхөөд үзвэл басчиг нөөц ихтэй "уурхай” байж мэдэх. Төвөдийн буддын шашныг эрхшээсэн манжууд, буддын лам нарын идэвх зүтгэлээр Дотор Азийн уудам нутгийг XX зуун гартал захирсан. Энэ орон зайд Лхас, Бээжин, Өргөө төвтэй төвөд-монголын шашин соёл бүрэлджээ. Хэдий шарын шашны уламжлалаар тодорсон Далай лам, Банчин эрдэнэ, Богд Жавзандамба хутагтууд толгойлсон шашны засаглал боловч нэг нь нөгөөдөө захирагддаг нэгдсэн инстүүц бас биш юм. Харин күнзийн сурталт Манж Чин гүрнийг ислам, загалмайтан болоод өрнийн нөлөөнөөс хамгаалж ирсэн шашин соёлын найдвартай бамбай байжээ.
БУДЛИАН, БУРУУ ОЙЛГОЛТЫН ЭХ
Төвөдийн лам нар, Монгол хангуудын холбоо сүлбээгээр Дотор Азид тогтсон шашин соёл күнз, исламын сурталд ерөндөг болсон шигээ Төвөд оршин тогтнох үндэс болжээ. Гэхдээ монголчууд холдчихоор Төвөд урьдынхаараа хоёр, гурав салдаг байсныг сануулах юун. Үнэн хэрэгтээ V ба XIII Далай лам нар л нэгдсэн Төвөдийн шашин-төрийг хослуулан барьсан эзэд юм. Шашин-төрийг хослуулан барих санааг V Далай лам сэдэж, амжилттай хэрэгжүүлжээ. Тэрбээр манжууд Хятадыг эзлэхэд Юань гүрнээс хойш алдагдсан уламжлал, Хятад газар мөхсөн төвөдийн шашны нөлөөг эргүүлэн сэргээхээр 1652 онд Эеэр засагч хааныг зорив. Бээжинд очоод Эеэр засагч өөрийг нь монголчуудтай харьцахдаа л ашиглах юм байна гэж ойлгомогцоо "агаар таараагүй” гэдгээр шалтаглан үтэр түргэн гэдрэг буцсан. Манж нар төвөдийн буддын шашныг ивээлдээ авсан ч багш шавийн барилдага тогтоосонгүй, харин ч улсын багшаар монгол хуврага өргөжилж иржээ. Ингэснээр Бээжин шарын шашны нэгэн төв болж Лхасын ач холбогдол илт буурсан. Халхын Түшээт ханы гэр бүлээс тодорсон анхдугаар Богд Занабазарын авьяас билиг, хичээнгүй зүтгэлээс үүдэлтэй Өргөө шарын шашны шинэ төв болон өндийснөөр Лхасын нөлөө улам хумигджээ. Харин Төвөд, Халхын зарим хутагт Бээжинтэй мөчөөрхсөн тул тодруулсан Далай лам, Богд Жавзандамбуудыг нь Чин гүрний төр соёрхон батлах хууль тогтоон журамласан байна. Чин гүрэн задрахад Төвөд, Монгол хоёул тусгаар тогтнолоо зарласан ч Төвөд 1952 онд эргээд Хятадын муж болж, XIV Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарснаар өнөөгийн нөхцөл байдал үүссэн юм. Хориннэгдүгээр зууны босгон дээр хүчирхэгжин боссон Хятад Шинжаан-Уйгурыг өдөөдөг исламын тулгар үзлийг хязгаарлан барихын тулд Чин гүрний бодлогыг үргэлжлүүлэхийг эрмэлзэж буй.
БУРИАДЫН БИЕ ДААСАН ХУВИЛБАР
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-нд Иволгын дацанд Оросын буддын хуврагуудын Сугунда буюу Их хурал болж, хуралд оролцсон 210 төлөөлөгч нэгэн дуугаар өнөөг хүртэл 28 жил тус инстүүцийг толгойлсон XXIV Бандид хамба лам Дамба Аюшеевын бүрэн эрхийг дахин таван жилээр сунгалаа. Тэрбээр бүх Оросын буддын хуврагуудын тэргүүний байр сууриа алдаж ч мэдэх явдал тохиолдсон юм. 1991 оны наймдугаар сард XIV Далай лам Элстэйд анх хөл тавихдаа өөрийн тодруулсан, АНУ-д цагаачилсан халимаг гэр бүлээс гаралтай Эрдни-Басан Омбадыковыг бараа болгожээ. Ингэхдээ Дилав хутагтыг Оросын бурхан шашны нийгэмлгийн тэргүүнд зүтгүүлэх бодол тээсэн бололтой байдаг. Хожим, 2013 оны эхээр В.Путин Дилав хутагттай уулзаж, ОХУ-ын иргэн болвол Оросын буддын шашны тэргүүн болгоё гэсэн ч Дилав хутагт "Би Америкийн иргэн” гээд "царь”-ийг хилэгнүүлчихэж. Тэгмэгц В.Путин мөн оных нь дөрөвдүгээр сарын 11-нд Улаан Үдийн Иволгын дацанд морилсноор Дамба Аюшеевын хувь заяа тодорхой болсон байдаг. Ингэснээр ОХУ-ын шарын шашны тэргүүн нь "Бандид хамба” хэмээх албан тушаал болон албажиж Далай лам, Бээжингээс үл хамаарах бие даасан инстүүц бүрэлджээ. Үүнийг 2009 онд Дамба Аюшеев "Новый Регион”-д өгсөн ярилцлагадаа "Далай ламыг ирээдүйд урьж болох л юм, гэхдээ хэн түүнийг урих юм бэ?” гэдэг хэгжүүн хариултаараа тодорхой баталсан юм.
БУРИАД ДОКТОРЫН ЕРӨӨЛ
Монгол X Богдтойгоо учирч, шашин эзэнтэй болоход Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц үлэмж үүрэг гүйцэтгэсэн гэж хардаг. Монгол судлаач Удо Б.Бракманн "1998 оны хоёрдугаар сард Монголын ГХЯ дээр болсон уулзалтан дээр хамба Чойжамц Монголд X Богдыг тодруулахын тулд IX Богдыг хүлээн зөвшөөрч Монголд оруулах нь тун чухал. Эс тэгвээс дараагийн Богдыг Хятадад тодруулж болзошгүй аюулыг тэрээр урьдчилан харсан болов уу” хэмээн дүгнэжээ. Монголын Богдыг хэн, хаанаас тодруулах вэ гэдэг асуулт хөршүүд хийгээд монгол судлаач нарын хувьд эрхгүй анхаарал татаж байлаа. Судлаачдын олон дүгнэлт, гаргалгаан дотроос өдгөө Казахстаны Назарбаевын их сургуульд ажиллаж буй буддын судлаач, түүхийн ухааны доктор Николай Цыремпиловын үгийг чухалд аван эшилье: "Монгол Улс Богд Жавзандамбаар дамжуулан нийгмийн санаа бодлоо Хятадаар жолоодуулахыг хүсэхгүй. Тиймээс Богдын хойд дүрийг тодруулах бүрэн эрхтэй Далай ламын амьд мэнд дээр Жавзандамбынхаа удаах дүрийг зарлуулахаас өөр аргагүй. Далай лам амьд сэрүүн бөгөөд Хятадын хяналтад орчихоогүй байгаа цагт ийм боломж бий. Түүнд (X Богд) Их Британий хатан хаан эсвэл Японы эзэн хаан лугаа адил улс үндэстнийхээ бэлгэ тэмдэг болох хувь тавилан оногдоно. Хэдий улс төрийн эрх мэдэлгүй боловч үндэстнээ бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээжүхүй. Одоо монголчууд Буриадын жишгээр шарын шашны бие даасан инстүүцтэй болохоо албан ёсоор зарлах аваас бусад улс орон, ялангуяа хөрш Хятадын санаа амарч хэн хэндээ хал балгүй энх амгалан оршихын нигуртай хэмээн сэтгэмүй. Д.Чойжамц хамбаас хүсэх юм энэ байна.
0 сэтгэгдэл