Архангай аймагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” үйл ажиллагааг "Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриатайгаар энэ сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Аяны хүрээндхууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах аж.
Сүүлийн жилүүдэд Архангай аймаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг 2017 оноос байгуулан, 2017, 2018 онд бүх сум,аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтантай болж нийт 427 хүн тухайн байгууллагынхаа ажилтан албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудад ч хамруулсан байна.
Мөн аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс байгуулжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан 2018 онд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг "Ажлын байран дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг. Үүнд Монгол Улс 2012 оноос жил бүрийн 4 дүгээр сарыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян” болгон тэмдэглэдэг болсон.
1 сэтгэгдэл