|

Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр хэрэгжсэнээр хогийг дахин ашиглах дэд бүтэц бий болно


Архангай аймаг “Хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн зорилго нь иргэдийн хандлага, сэтгэлгээг өөрчилж, тэдний оролцоог нэмэгдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, орон нутгийн онцлог болон нөөц боломжид нийцсэн цуглуулах, зайлуулах, дахин ашиглах дэд бүтцийг бий болгох замаар хог хаягдлыг бууруулж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлжээ.
-Хог хаягдлын талаар олон нийтэд олгох боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний ухамсар, хариуцлага, хандлагыг өөрчлөх,
-Иргэд, төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуй нэгж байгууллагын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, оролцоог хангасан хамтын удирдлагыг хэрэгжүүлэх,
-Холбогдох хууль, тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн, орон нутгийн онцлог, нөөц боломжид тулгуурласан зохион байгуулалт, дэд бутцийг бий болгож, тогтвортой ажиллагааг хангах,
-Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахивар хог хаягдал хүлээн авдаг иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, цэгийн тоог нэмэгдүүлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах замаар байгальд дарж булшилж буй хог хаягдлын хэмжээг бууруулах.
Уг хөтөлбөр хэрэгжиж, хог хаягдлын зохистой менежментийг авч хэрэгжүүлсний үр дүнд иргэдийн хог хаягдлын талаарх ойлголт, мэдлэг сайжирч, зөв дадал, хандлага төлөвшиж, цуглуулах, зайлуулж, устгах, дахин ашиглах дэд бүтэц бий болж, эрүүл аюулгүй орчин бүрдэх ажээ. 

0 сэтгэгдэл