|

АРХАНГАЙ: "Дөрвөн цагийн хангай" уран зургийн үзэсгэлэнд 100 гаруй бүтээл дэлгэжээ



"Дөрвөн цагийн хангай" плэйнэрийн урьдчилсан үзэсгэлэн “Корпорайт арт галерей”-д нээлтээ хийсэн бөгөөд 11 дүгээр сарын 11-нийг хүртэл үргэлжлэх аж. Үзэсгэлэнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид, Д.Гунгаа, Г.Нарангэрэл, С.Дагвадорж, Д.Батбилэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Очирболд тэргүүтэй 27 уран бүтээлч 100 гаруй бүтээлээ дэлгэж, Арын сайхан хангай нутгийн байгалийн үзэсгэлэн, түүх, соёлын үнэт дурсгал, хүн зоны ахуй, амьдралын өвөрмөц оршихуйг үзэгч олонд харуулж байгаа юм.

Хангайн нурууны хувьд үзэсгэлэнт уул хайрхад, гол, нуурууд элбэгтэйн зэрэгцээ Хүннү, Нирун, Түрэг, Уйгар зэрэг эртний улсуудын хот, балгадын туурь, түүх, соёлын дурсгалт зүйлсийн ул мөрөөр баялаг учраас зураачид ийнхүү Хангайг сонгон авч, өнгөрсөн хугацаанд таван удаа зочилж, дөрвөн улирлаар судалбар ажил хийжээ. Уран зургаар дамжуулан хүүхэд залууст гоо зүйн боловсрол олгох, соён гэгээрүүлэх, Монгол орны байгалийн сайхныг гадаад, дотоодод сурталчлах, улмаар аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд “Дөрвөн цагийн хангай” төсөл чиглэж байгаа юм.

0 сэтгэгдэл