|

Лаборатори 1-р сургуулийг 1976 оны төгсөгчид "Шинэ эвсэг" төгөл байгуулав


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийг 1976 онд төгссөн төгсөгчид Булган уулын зүүн суганд ойролцоогоор 0.4 орчим га талбайг хашаалж, төгсөгчдийнхөө нэр бүрээр нийт 160 мод тарилаа. Таван ангийн төгсөгчдийн дунд байгуулсан "Шинэ эвсэг" ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Жавзангаас тодрууллаа.

-Бид Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийг 1976 онд төгссөн нэг төгсөлтийнхөн. Тухайн жил 5 бүлэг төгссөн. Энэ 5 бүлэг нийлж, "Шинэ эвсэг" ТББ-ыг байгуулан эвлэлдэн нэгдэж, таван анги биш нэг болж олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ жил нутагтаа ирж, төгссөн сургууль, төгсөгчдийнхөө нэр дээр мод тарья гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж байна. Ихэнх нь Улаанбаатарт байдаг. Идэвхтэй ч оролцож байна. Хашаа авах барихаас эхлээд мод авах, тарих, услах, услагааны систем гээд бүгд л мөнгөтэй холбоотой учраас хандив нийлүүлээд эхлүүллээ.
Монгол Улсын Гавъяат багш М.Шагдарсүрэн бол манай анги удирдсан багш минь юм. Бидэнтэй бас мод тарилцаад л явж байна. Манай төгсөлтийн 160-аад хүүхэд байдаг. Хүүхэд бүрийн нэр дээр нэг мод гээд энэ талбайд 160 мод тарина. Мал оруулахгүйн тулд эхлээд хайс хашаа босгож байна. Бас учиртай. Хашааны дотор талаар алсдаа хайс болгоно гэж бодож шар хуайс тарина. Тариад орхихгүй. Аймагт байгаа хэд маань услаад байх учраас эндээ усалгааны мотор, шланкаа үлдээнэ. Бид ч гэсэн зун амралтын үеэ тааруулаад гэр бүлээрээ ирж, гоёлын мод тарих юм. Төгсөгчдийн маань зарим нь бурхан болсон ч  тэднийхээ нэрээр мод тарьж байгаадаа бид маш их баяртай байгаа.
Цаашдаа Булган уулынхаа зүүн сугыг бид нараас үлгэр жишээ аваад, үргэлжүүлээд бүр цэцэрлэгт хүрээлэн болгоосой, хүмүүс нь ирж амардаг, хүүхдүүд нь ирж тоглодог болоосой гэдэг мөрөөдлийг тээж байна. Үүний эхлэлийг тавьж байна. Бидний сэтгэл маш их хөөрч байна. Хэдий бүгдээрээ 60 гарчихсан ч гэлээ хүүхэд шиг л бие биенээ харж баярлаж, хөөрч, хуучилсаар модоо баяр хөөртэйгөөр тарьж байна даа.

Монгол Улсын Гавьяат багш М.Шагдарсүрэн:
-1976 онд Одоогийн Лаборатори 1-р сургуулийг төгсөгч 5 ангийн 160-аад хүүхэд байдаг. Энэ хүүхдүүд "Шинэ эвсэг" гэх ТББ-ыг байгуулан нэг анги болоод сүүлийн жилүүдэд орон нутгаа судлах, сурталчлах, тус дэмтэй ажил хийх зэрэг ажлуудыг их идэвхтэй хийж байгаа. Энэ удаад 1976 онд төгсөгчдийн нэрэмжит төглийг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагтаа байгуулах санаачилга гарган 20-иод төгсөгч ирж ажиллаад буцна. Хуучин бидний байгуулсан төглийг өргөтгөж байгаа. Улмаар цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж байгаа. Бусад төгсөгчид энэ санаачилгыг үргэлжлүүлээд мод тарья. Аймгийн 100 жил  Лаборатори 1-р сургуулийн 100 жилийн ойг угтсан томоохон нэг ажил боллоо гэж үзэж байна.

Төгсөгч Л.Намжилдорж:
-Бид нар Архангай Лаборатори 1-р сургуулийг 1976 онд төгссөн. Төгссөн цагаасаа эхлээд л орон нутаг, сургуулийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. Энэ маань яваандаа "Шинэ эвсэг" ТББ болсон. Нэг анги ч боллоо. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Цэцэрлэг хотынхаа байгальд бас нэг чимэг болгоё гэж Булган уулынхаа зүүн суганд төгөл бий болгож байна. Өмнө нь бид янз янзын ажил санаачилж хийдэг байсан бол энэ жилийн тухайд байгальдаа нэмэр болох нь зөв юм гэж үзсэн. Энэ сайхан төглийг бий болгох ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байна. Төгсөгчдийн маань зарим бурхан болсон ч тэдний маань ах эгч, гэр бүл, хүүхдүүд нь энд гар нийлэн ажиллаж байна. Энэ төгөл маань сайхан төгөл болоосой гэж ерөөе. 


0 сэтгэгдэл