|

”Эрдэнэт үйлдвэр” ХХК зуун хувь төрийн өмч боллоо

"Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон эцэс төгсгөлгүй мэдээлэл эхнээсээ аваад эмх цэгцэндээ орж байна. Тодруулбал, 49 хувийг ОХУ-ын Ростек компанид шилжүүлдэг байсан бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийг улс 100 хувь эзэмшдэг болж, тус үйлдвэрийн бүх дагасан нийгмийн барилга байгууламж Монгол улсад ирнэ гэсэн мэдээлэл өнгөрөгч оны зургадугаар сард гарсан билээ. Үүнээс үүдэн "Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой таагүй мэдээлэл ар араасаа хөвөрсөн хэдий ч эхнээсээ аваад эмх цэгцэндээ орж, асуудал эергээр шийдэгдэх нөхцөл бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн Засгийн хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгалаа. 

 

Энэ дагуу "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус компанийн 49 хувийг "Монгол зэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ. 

 

Тэдний оронд буюу өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийн төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна.

 

 Ингэснээр "Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ын долоон гишүүн долуулаа төрийн төлөөллөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байна. 
 

Б.Цэлмэг

www.unen.mn

0 сэтгэгдэл