|

“Эрдэнэт” үйлдвэрийг залилсан этгээдийг шийтгэжээ

“Эрдэнэт” үйлдвэрийг залилсан этгээдийг шийтгэжээ

 

"Эрдэнэт” үйлдвэрийг саалийн үнээ гэж хэлж ярьсаар байгаад хэвшил болчихсон шахуу. Тэгвэл саалийн үнээг залилсан гэх хэргийн мэдээлэл гарах боллоо. "Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК-ийн захирал Л.Рагчаасүрэн, уулын инженер Д.Баярсайхан нар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай "Trimble R10 Model 00” загварын хоёр ширхэг багажийг хоёр сарын хугацаагаар түрээслэн ажиллуулах гэрээ байгуулжээ. Гэтэл тэд түрээслэх гэрээ байгуулснаа мартаад, гэрээний хугацаа нь дууссан ч багажийг цааш нь өөр байгууллагад худалдан борлуулжээ. Тэгэхээр тун том толгой гаргацгаасан байгаа биз.

 

"Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам” ХХК нь баруун бүсийн таван аймгийг төмөр замаар холбох төсөл дээр төмөр замын хэмжилт хийнэ гэж  Хамтран ажиллах түрээсийн гэрээ байгуулж багажийг авчээ. Улмаар  Л.Рагчаасүрэн нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авсан хоёр багажаа цааш "М-ЭЙ-Жи” ХХК-д 52 000 000 төгрөгөөр зарсан байна. Гол нь тэд сул талыг ашиглажээ. Юу гэхээр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-  хоёр багажийг баталгаажуулж, бүртгүүлж амжаагүй байсан юм байна. Нэг нь тус үйлдвэрийн Геологи хайгуулын ангид, нөгөө нь инженер зураг төслийн төвд байжээ.  Дээрх хоёр хүний худалдан борлуулчихсан "Trimble R10 Model 00” загварын багажийг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 86790 ам.доллараар худалдаж авсан байдаг аж.

 "Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас  хуулийн байгууллагад хандсанаар  хэрэгт холбогдогчдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.    Түүнчлэн Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар шүүгдэгч нарыг 2015 оны 01 сарын 12-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай "Trimble R10 Model 00” загварын хоёр ширхэг багажийг хоёр сарын хугацаагаар түрээслэн ажиллуулахаар гэрээ байгуулсан. Улмаар "Их хаадын хишиг” ХХК-д зарж борлуулан гэрээгээр халхавчлан залилан мэхэлж, 160 000 000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг буруутган шалгажээ.

За харин хэд хоногийн өмнө  Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Рагчаасүрэн, Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг нээлттэй шүүн хэлэлцжээ.Шүүх хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Орхон аймгийн Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Баярсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-д заасныг журамлан тусгай ангийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол шүүгдэгч Лхагваагийн Рагчаасүрэнг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар түүний өмчлөлийн хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 160 000 000 (нэг зуун жаран сая) төгрөг гаргуулж, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгох шийдвэр гарсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

425 сэтгэгдэл