Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг олон удаа хуралдаж, холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, материалыг судалж үзжээ. "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тухай Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гэрээ, "Монголросцветмет” нэгдлийн тухай мөн хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны гэрээ нь Монгол Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд эдгээр гэрээг баталсан төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж. Гэрээний талаарх дүгнэлтээс гадна нэр бүхий үйлдвэрүүдийн 49 хувийг худалдаж авсан эх үүсвэрийн талаар, төлбөр хийсэн банкуудын чадавх, цаашид үүсч болох эрсдэл, Банкны хууль тогтоомж зөрчсөн талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн ажлын хэсгээс тодорхой санал, дүгнэлт боловсруулсан бөгөөд үүнийгээ Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ санал гаргав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг үндэслэн, ажлын хэсгийн санал, дүгнэлт болон холбогдох материалтай танилцах, судлах шаардлагын үүднээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар тав хоногийн завсарлага авч байгааг тэрээр тайлбарласан юм. Уг саналын дагуу Байнгын хорооны дарга Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн юм.
250 сэтгэгдэл