|

Газрын үнэлгээний зэрэглэл, зааг хязгаарыг шинэчлэх НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авна

Газрын үнэлгээний зэрэглэл, зааг хязгаарыг шинэчлэх НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авна

Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор таван жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр гурван жил тутам хийнэ гэдгийг НИТХ-аас тогтоосон.

Энэхүү тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоохоор болов.

Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авч эхэлжээ. Иймд нийслэлчүүд санал асуулгад идэвхтэй оролцохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас уриалав.

Саналыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Хангарди ордны 2 дугаар давхар 205 тоотод биечлэн өгөх, эсвэл gazartulbur@gmail.com хаягаар хүргүүлэх аж.

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т "Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.”

/Энэ хэсэгт "сум, дүүргийн” гэснийг "аймаг, нийслэлийн” гэж 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./,

Засгийн газрын 2018 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан "Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-ын 13.1-т "Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ” гэж заасны дагуу "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөлд ийнхүү санал авч байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0 сэтгэгдэл