Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
УИХ-аас энэ онд баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоохоор тусгасан нь ийнхүү дэмжигдлээ.
Дараа нь "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул гишүүдийн 78.3 хувь нь дэмжсэнээр төсөл батлагдлаа.
Тогтоолын төсөл батлагдсанаар Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөхөөр тогтлоо.
0 сэтгэгдэл