УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёдугаар сарын нэгний өдрөөс эхлэн товлон зарлах, Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоох, түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний санал авах ажиллагааг 2017 оны 06 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулахаар тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Санал авах хугацааны хувьд эсрэг санал алга. Гэхдээ сурталчилгааны хугацаа 18 хоног байгаа нь нэр дэвшигчид нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт очиж ажиллаж чадахгүй байдал үүсэхээр байна. Одоо үйлчилж байгаа хугацаагаа 20-21 болгох хэрэгтэй. Нэр дэвшигчид үнэмлэхээ авсаны дараа 10 хоног юу ч хийх нь. Эдгээр сул өдрүүдийг оруулаад сурталчилгааны хоногоо нэмбэл ямар вэ" гэсэн асуултыг тавив.
Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга, "Мэтгэлцээнийг сурталчилгааны сүүлийн өдөр ганц удаа хийдэг. Сурталчилгааны өдрүүдэд 2-3 мэтгэлцээн зохион байгуулж болох уу. Гадаадад байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-нд явуулах нь. Гэтэл сошиалаар үр дүнг нь мэдээлээд эхэлдэг. Үүнд ямар хариуцлага тооцох вэ" гэсэн асуудлыг тодруулсан.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дээрх асуултуудад, "Шинэ хуулинд сурталчилгааны хоногийг нэмэхээр тусгасан байсан ч хууль буцсан. Одоогийн хуулинд сурталчилгааны хоног 20-иор тогтоосон. Мөн мэтгэлцээнийг хэдэн ч удаа зохион байгуулж болно. Гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг Гадаад харилцааны яам, СЕХ хамтарч зохион байгуулна. Иргэний саналыг битүүмжилсэн дугтуйгаар авдаг. Тэрхүү битүүмжилсэн саналыг дипломат шуудангаар авчирдаг. Тиймээс нууцлал алдагдаж байсан тохиолдол байхгүй" хэмээн хариулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд ийн асуудлыг тодруулсаны дараа санал хураалт явуулахад 86,8 хувийн дэмжлэг авлаа. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 16-ны өдөр орон даяар болох нь.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
56 сэтгэгдэл