|

"Business breakfast" уулзалт боллоо

 

 

"Business breakfast" уулзалт боллоо

 

Цар тахлын үеийн эдийн засаг, бизнесийг сэргээхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг сонсох, бодлогоор зохицуулах зорилготой уулзалт боллоо.

Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Засаг дарга М.Батжаргал, МҮХАҮТ-ын Архангай аймаг дахь салбар Танхимын дарга Ч.Мөнхбат болон орон нутгийн бизнес эрхлэгчид оролцлоо.

Цар тахлын дараах их сэргэлтийг бий болгох, эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд уг хуулийг эдийн засаг, бизнесийн салбар, хувийн хэвшлийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулсныг онцолж байлаа. 

Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хавтгайрсан халамжийг цэгцлэх, бүс нутгийн онцлогт тохируулсан татварын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг бизнес эрхлэгчид өөр өөрийн чиглэлд хамааруулан асуудал тавьж байсан юм.

Аймгийн Засаг дарга М.Батжаргал:

- Төрөөс шилжүүлэн авах боломжтой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, жижиг дунд бизнес, эмэгтэй болон гарааны бизнес эрхлэгчдийг эрх ашгаа хамгаалах болон хөгжүүлэхэд бодлогоор дэмжиж, нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахаа зарчим болгоно хэмээн уулзалтын үеэр хэлжээ.


0 сэтгэгдэл