|

Бизнесмэнүүд гарцыг нь зааж өглөө, харин түшээд...

Бизнесмэнүүд гарцыг нь зааж өглөө, харин түшээд...

 

Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмэхээс өөр гарцгүй болсноо Засгийн газар мэдэгдэн төсөвт хийх тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Татвар нэмэх асуудал дээр бизнесийнхэн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд өөр арга замаар шийдэх боломжтой хэмээн саналаа эрх баригчдад өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Гэхдээ бизнесийнхний дуу хоолойг төр засаг сонсч байгаа нь эргэлзээтэй гэдгийг чуулганы танхимд яригдаж байгаагаас харж болохоор байгаа юм.

 

ШАХААНД ОРУУЛАХ ХЭРЭГГҮЙ

Яагаад ийм санал тавьж байгаа талаараа "Мобиком корпораци”-ийн Хууль, захиргаа, хүний нөөц хариуцсан захирал Б.Энхбат "Татварын хувь хэмжээг хэд хэдэн төрлөөр нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын ашигт ажиллагаа буурна. Энэ тохиолдолд ямар ч газар бүтцээ өөрчилж, орон тооны цомхотгол хийхэд хүрнэ” гэлээ. Мөн бизнес эрхлэгчдэд татварын да­рамт одоо ч багагүй байгаа. Гэтэл дахиад татвараа нэмэ­хээр ярьж байгаа нь биднийг шахаанд оруулж байгаа хэрэг гэдгийг "Ноо­сон зангилаа” дундын хор­шооны захирал Ц.Цэнд-Аюуш хэлж байна. Түүнчлэн "Интерактив Би ай” компанийн захирал Ч.Чимиддорж "Ихэнх аж ахуйн нэгжүүд хугарлын цэг дээр байна. Өнөө мар­гаашаа арайхийн залгуулж байхад дахиад татвар нэмнэ гэдэг дэндүү шударга бус хэрэг. Улсын хэм­жээнд 100 орчим мянган аж ахуйн нэгж байгаа ч үйл ажиллагаа нь хэвийн явж буй нь маш цөөн. Уул уурхай, барилга, худалдааны сал­барын­хан зогсолтын байдалд орчихоод байна. Гэтэл арай ядан амь зууж буй компаниуддаа дарамт үзүүл­сэн хэрнээ нэмж буй татвартай тэнцүү хэм­жээний зарлагыг тө­сөвт нэмэгдүүлсэн нь ха­чир­халтай байгаа юм. Төрийн албаныхан өөрсдийнхөө тансаглалыг сан­хүү­жүүлэхийн тулд татвар нэм­дэг байж болохгүй” гэлээ.

 

ХҮЧГҮЙДСЭН ДУУ ХООЛОЙ

Төр данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулс­наар төсвийн зардал эрс буурна гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байсан юм. Тухайлбал, төрийн хэт данхар бүтцийг багасгах зарчмаар зарлагыг бууруулах боломж бий. 183 мянган хүнтэй том албаны бүтэц, орон тоог 20 хувиар бууруулах, төрийн үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах, тэр дундаа удирдах албан ту­шаалт­нуудаа цөөлөхийг бизнес эрхлэгчид шаардаж байна. Ер нь татвараар дарамтлахын оронд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилласнаар Олон улсын валютын сангаас царай алдаж байгаа 400 сая ам.долларыг төвөггүйхэн бүрдүүлэх боломж байгааг ч мөн бизнесийнхэн хэлж байна.

 

Товчхондоо бизнесийн салбарынхан төрийн тан­саг­лал, данхар бүтэц, илүү зардлыг танаж, хэмнэж хямгатай амьдаръя гэж төрд сануулаад байгаа. Гэтэл ажилчдынхаа цалингийн төлөө санаа зовж үзээгүй, албан тушаалтан байсан голдуу хүмүүс цугласан чуулганы танхимд бизнес эрхлэгчдийн дуу хоолой хүчгүйдэж байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагжав "Татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэ үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэт­гэврийн насыг нэ­мэх, түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэл­цүүлж байсан тат­вар нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн "Өргөтгөсөн сан­хүүжилтийн хөтөл­бөр” хэрэгжүүлэх нэрийн дор 2017 оны төс­вийн тодотголыг хэ­лэл­­цэх гэж байгааг биз­несийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ дуугүй хараад сүүхгүй” гэдгээ мэдэгдсэн билээ.

 

ТАТВАРААС ЗУГТДАГ ЭРИН ҮЕ ДУУССАН Ч ...

Үнэн хэрэгтээ татвар төлөхгүй зугтдаг эрин үе дууссан гэдгийг аж ахуйн нэгжүүд мэддэг болсон. Энэ нь татварын орлого эрс нэмэгдсэнээр тодорхойлогдоно. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн оны төсвийн орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн.

 

Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт төдийгүй энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар нэмэгдсэн байгаа юм. Ингэснээр далд эдийн засаг ил болсны илэрхийлэл гэдгийг бизнесийнхэн хэлж байгааг анхааралтай сонсох учиртай. Хамгийн гол нь энэ удаад тавьж байгаа тэдний шаардлага гаргалгаатайгаа байгаа. Хэдийгээр ОУВС зөвлөсөн байж болох ч шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тэгэхээр алдаатай шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдийг боомилохгүй байхыг бизнесийнхэн хатуу сануулж байна.

 

Хэрэв төрийн зүгээс хувийн хэвшлийн нуруун дээрх ачааг улам бүр нэмбэл нийтээрээ эсэргүүцлээ илэрхийлж, татвар төлөхөөс татгалзана гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр бизнес эрхлэгчид тэмцлийнхээ дараагийн хэлбэр болох татвараа төлөхгүй байх арга зам руу орвол яах бол гэдэг асуулт гарч ирнэ. Магадгүй төрийн тансаглалд "хүч нэмэх” татварын өсөлт компаниудыг боомилох нь хэмээн олон нийт дургүйцэж байгааг анзаарах хэрэгтэй. Гарц, гаргалгаатай найман шаардлагыг сонсох түшээд байна уу?


Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/

1 сэтгэгдэл