|

Р.Гандиймаа: Халдварын үргэлжлэх хугацаа доод тал нь найман долоо хоног байх төлөв ажиглагдаж байна

 

Р.Гандиймаа: Халдварын үргэлжлэх хугацаа доод тал нь найман долоо хоног байх төлөв ажиглагдаж байна

 

 

ЭМГ-ын дарга Р.Гандиймаагаас цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, халдварын тархалтын талаар тодрууллаа.


-Сүүлийн үед халдвар маш эрчимтэй нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ч ихсэх хандлагатай боллоо?

-Өнөөдрийн байдлаар нийт 1372 тохиолдлын 60 хувь буюу 796 нь зөвхөн сүүлийн нэг сард бүртгэгдсэн. Эмнэлгийн ачаалал дөрөв дахин нэмэгдсэн. Аймгийн хэмжээнд 23 тусгай эмнэлгийг байгуулаад байна. Халдварын тархалт маш өндөр түвшинд байгаа учраас үргэлжлэх хугацаа доод тал нь найман долоо хоног байх төлөв ажиглагдаж байна. Энэ нь хоёр сар буюу долоо, наймдугаар сард үргэлжилнэ гэсэн үг. Гэр бүлийн хүрээнд халдварын тархалт маш их байна.

Бид хичээж байна. Бүгд сахилга, хариуцлагатай байж, шилжилт хөдөлгөөнөө багасгаад, хичээгээд, тулсан хүчин чадлаараа ажиллахад хурдыг нь багасгах, олон хүн өртөхийг бууруулах боломж байгаа. Бүр зогсооно гэдэг ойлголт халдварын ийм түвшинд төвөгтэй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Аймгийн штабаас халдварын эх үүсвэрийг яаж тодорхойлж байгаа вэ?

-Энэ халдвар сонгуулийн штабаас үүдэлтэй, хэсгийн хороод дээр намын төлөөллүүд байдаг. Хэсгийн хороонд ихэвчлэн төрийн алба хаагчид ажилладаг. Үүнээс улбаалан төрийн байгууллагуудаас гарсан халдвар гэр бүлийн хүрээ рүү орж байна.

Аймгийн хэмжээнд байх 40 орчим төрийн байгууллагын 30 орчим хувь нь алаг цоог байдлаар халдварт өртсөн. Дээр нь Улаанбаатараас хөдөлгөөн нээлттэй, бүх аймагт халдвар гарсан тул гаднаас өдөр болгон шинэ голомт үүсч байна. Ачаалал их, халдварын хүч маш их эрчтэй байна. Асуудал үүнээс илүү хүндрэхэд нас баралт нэмэгдэнэ.

-Халдварын тархалтыг хэрхэн даван туулах вэ?

-Бид халдварын тархалтын гурван удаагийн цохилтод орлоо. Эхний хоёрыг ямар ч нас баралтгүй, богино хугацаанд цомхотгоод каластруудаа хаасан. Энэ удаагийн давлагаа маш өндөр хурдтай, богино хугацаанд тархсан. Тархалтыг хумихад маш их хичээл зүтгэл орно. Эмнэлэг үүнийг дангаараа хөөгөөд дийлэхгүй байна. Үүнийг даван гарахад хувь хүн, гэр бүл, албан байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, аймаг, сумдын шуурхай штабууд бүгд хамтарч ажиллаж байж давна.

Эрдэнэбулган суманд нэг нас баралт бүртгэгдсэн. Архаг суурь өвчтэй, өндөр настай хүн байсан. Иймд ялангуяа өндөр настай гэр бүлүүд маш хянамгай байж, хийж байгаа хөдөлгөөнүүдээ хязгаарлах, болж өгвөл халдвар авахгүй байх, зуун хувь дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай байна.

Цар тахал нэлээн хугацаанд үргэлжилж байна. Яг голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагынхан халдварт өртөх эрсдэл их, дархлаа нь суларсан байна. Тиймээс бие биедээ анхаарал халамж тавьж, дэглэмээ чанд баримтлах хэрэгцээ шаардлага бийг онцгой анхаарах хэрэгтэй.

Иргэддээ зөвлөхөд гэрийн эмийн сангаа цэнэглэх хэрэгтэй. Халуун бууруулах, өвчин намдаах, вирусний эсрэг гэх мэт эмийг байнга байлгах хэрэгтэй. Байдал хүндэрсэн үед эмч ирэх хооронд ойр зуурын эмүүдээ бэлэн байлгах хэрэгтэй. Гэхдээ дур мэдэн эм уухгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ямар ч тохиолдолд эмчийн заавраар, жороор эм хэрэглэнэ. Гэр бүлд нь ойрын хавьтал байхгүй, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд дур мэдэн эм уухаас татгалзаарай. Тухайн эмэнд дасал болох, харшлах зэрэг сөрөг талтай тул эмийн хэт их хэрэглээнээс татгалзах нь зүйтэй.

-Өвдөөд эмчлүүлсэн хүмүүс ахин тусах магадлал өндөр үү?

-Өвдөөд гарч байгаа хүмүүс 7 хоног гэрийн нөхцөлд тусгаарлагдана. Энэ үедээ дархлаагаа сайтар дэмж. Эмчлүүлээд гарсан хүмүүст тодорхой хугацаанд зовуурь илэрч байгаа тул өрхийн эмчтэйгээ байнга холбоотой байхыг зөвлөж байна. Ойрын хавьтал болсон гэр бүлийн гишүүд гэртээ байж, биеэ сайн хянах нь чухал. Шинжилгээ авах явц хэвийн үргэлжилж байгаа.

Халдвар аваад эдгэрсэн хүн дахиж халдвар авах боломжтой. Дархлаа суларсан нөхцөлд дахин өвчлөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй. Дэглэм бол маш хөнгөн байгаа, амны хаалтаа тогтмол зүүх, гараа байнга угаа, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Сэтгэл санаагаа тайван байлгаж, эерэг байх хэрэгтэй. Халдварын тоо ихэсч байгаа тул хөнгөн өвчтнүүдийг гэрээр, эмчийн хяналт дор эмчилж байна. Тоног төхөөрөмжийн тооноос давсан хүндрэлүүд гараад эхлэнгүүт тусламж үйлчилгээ авч чадахгүй болох эрсдэл үүсэх тул иргэд өөрсдийгөө маш сайн хянаж байх шаардлагатайг хэлье.

-Аймгийн төв Эрдэнэбулган суманд халдвар бүр илүү байгаа шүү дээ?

-Зөвхөн Эрдэнэбулган суманд, аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 122 ор бүхий гурван тусгай эмнэлгийг дэлгэсэн.Эрдэнэбулгансуманд халдварын тоо их байгаа учраас хөнгөн хэлбэрийг гэрээр эмчилж байна. Маш богино хугацаанд давшингуй маягаар хүндрээд, эргэшгүй өөрчлөлтүүд гарч байна. Олон хүнийг хамардаг, олон хүн нас бардаг болохоор л цар тахал гэж нэрлээд байгааг маш сайн ойлгох хэрэгтэй.

-12-оос дээш настай хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулаад эхэлсэн?

-12-оосдээш насны хүүхдүүдийг файзер вакцинаар дархлаажуулах Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан тул эцэг, эхчүүдийн зөвшөөрлөөр хүүхдүүдэд хийж эхлээд байна. Хүүхдүүд хөнгөн өвчлөх, халдвар дамжуулах тохиолдол их байгаа тул эцэг, эхчүүдийн зөвшөөрлөөр хүүхдийг дархлаажуулах нь онцгой чухал байна. Манай аймгийн хувьд одоогийн байдлаар 96 мянган хүний 53 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна. Дархлаажуулалт хүн амын 70 хувьруу дөхөж очвол сүргийн дархлаа тогтох боломж бүрдэнэ. Хүүхэд, жирэмсэн эх, ахмад настанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

-Иргэдэд чухалчилж юуг анхааруулах вэ?

-Энэ хөл хорионы хугацаанд гэртээ зочин хүлээж авахгүй байх, айлд зочлон очихгүй байх, хаалганаас хаалганд шилжих хөдөлгөөнийг зогсоох хэрэгтэй байна.


0 сэтгэгдэл