|

Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхааруулав

 

 

Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхааруулав

 

Аймгийн Засаг дарга Д.Золжаргал:

-Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна. Цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж буй энэ үед Архангай аймгийн хэмжээнд халдварын тохиолдол дотооддоо дахин батлагдаж, Аймгийн онцгой комисс, шуурхай арга хэмжээний баг хариу арга хэмжээ аван ажиллаж байна.

-Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тогтоон, тусгаарлах ажил үргэлжилж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар түвшин”-д шилжүүллээ.

-Коронавирусний халдвар батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай захирамж гарч, Эрдэнэбулган сумын хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан, ус түгээлтээс бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоогоод байна. Дээрх худалдаа үйлчилгээний газрууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж хүнс нөөцлөх зэргээр бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Шаардлагатай тохиолдолд өрх бүрээс нэг гишүүн хөдөлгөөн хийж хүнсээ цуглуулахыг зөвшөөрөх бөгөөд 18 насанд хүрээгүй хүүхдийг гэрийн хяналтад байлгаж, дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар явуулахгүй байхыг эцэг, эх, анги удирдсан багш нарт даалгалаа.

-Иргэн та эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн, эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна. Мөн аймгийн хэмжээнд хүнс, эм, эмчилгээний нөөц хүртээмжтэй байгаа тул иргэн та айж сандралгүй тайван байж, хайртай гэр бүлээ хамгаалан гэр гэртээ байхыг уриалж байна.

Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, аюулт цар тахлыг даван туулахын төлөө хамтдаа хичээцгээе.


0 сэтгэгдэл