|

Хуучир

 

Хуучир

Архангай аймгийн Музейд хадгалагдаж буй энэхүү луу толгойтой, дөрвөн чихтэй аргил хуучир нь ХХ зууны эхэн үед хамаарагддаг байна. Хуучрын толгойг занд, иш чихийг хус модоор хийсэн, ширэн цартай, зургаан талт нарс модон бортоготой, 52 см өндөртэй.
Хуучрыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Цэдэвсамбуу 1970 онд аймгийн музейд өгсөн байна.

Эртнээс монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст, хилт хөгжмийн зэмсгийн нэг бол хуучир юм. Хуучир нь жижиг, дунд, их гарын гэх мэт төрөлтэй. Хуучрыг нутаг олон янзаар нэрлэнэ, үүнд төв халхад "хуучир”, баруун Монголд "хялгасан хуур”, "бисанз”, дорнод Монголд "аралт хуур”, "дөрвөн чихтэй хуур” гэхчлэн нэрлэнэ. Аргил хуучраар гоцлон үлгэр, ерөөл магтаалын аялгууг тоглох ба монгол ардын найрал хөгжимд чухал үүрэгтэй.
 

0 сэтгэгдэл