|

Ойн нөхөрлөлүүдийг 62.8 сая төгрөгөөр дэмжжээ

 

 

Ойн нөхөрлөлүүдийг 62.8 сая төгрөгөөр дэмжжээ

Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас аймгийн хэмжээнд нийт 21 нөхөрлөлийн ойн сангийн 80 га талбайд орон нутгийн төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажлыг гүйцэтгүүлжээ.

Мөн "Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нөхөрлөлүүдийн дундын санг бий болгох, гишүүдийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоорсүүлийн 3-4 жилийн хугацаанд 17 сумын 32 нөхөрлөлд 62.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Тухайлбал, Булган сумын "Могойнхон нөхөрлөл” нь Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн төсөлд хамрагдаж, Хойд могойн гол-Тээлийн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын 2018-2023 оны менежментийн төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулсан байна. Могойн гол-Тээл орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт 12 нөхөрлөл шинээр байгуулж, хилийн цэсийг тогтоон самбаржуулжээ. Нөхөрлөлийн гишүүдэд 60 гаруй удаагийн сургалт, хэлэлцүүлэг хийж, байгалийн нөөцийн ашиглалт, аялал жуулчлалын зураглал, ой зохион байгуулалтын ажлыг хийж, бэлчээрийн 10 цэгт судалгаа, зэрлэг амьтны нөөц тогтоох, байнгын ажиглалт хийх зорилгоор 60 гаруй камерийг ойн санд байршуулсан байна. Мөн нөхөрлөлийн гишүүд төслийн дэмжлэгтэйгээр 30 га талбайн унанги, мөчир, гишүүг ойн цэвэрлэгээний ажлаар бэлтгэж, дундын сангаа нэмэгдүүлсэн байна.

 

Төслийн хүрэнд нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагчдад өвөл, зуны хувцас, GPS, SMART системийн гар утсыг олгож байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгүүлж байна.


0 сэтгэгдэл