|

Эрх мэдлээ ашиглан хүүдээ чөлөө олгуулсан Өмнөд Солонгосын хууль зүйн сайд огцорч магадгүй болжээ

Хугацаат цэргийн алба хааж байсан хүүдээ эрх мэдлээ ашиглан чөлөө олгуулсан хэрэгт Өмнөд Солонгосын хууль зүйн сайд холбогдоод байна.

Сайд Чү Ми Эгийн 2017 онд тус улсын батлан хамгаалах яаманд илгээж байсан бичиг саяхан ил болсон юм. Тухайн үед сайд эрх баригч Ардчилсан намын дарга, парламентын гишүүн байжээ.

Одоо 27 настай түүний хүү 2017 оны зургаадугаар сард өвдгөндөө мэс засал хийлгэх шалтгаанаар цэргийн албанаас есөн өдрийн чөлөө авсан байна.

Дараа нь тэр уг чөлөөгөө дахин 22 өдрөөр сунгуулсан ба үүнд ээжийнх нь нөлөө орсныг ил болсон бичиг баримт харуулжээ.

Өмнөд Солонгосын сөрөг хүчнийхэн уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж, сайд Чү Ми Эг огцруулахыг ерөнхийлөгч Мүүн Жэ Инд хандаж уриалсан байна. Өмнөд Солонгост 18-35 насны эрэгтэй хүн бүр заавал хугацаат цэргийн алба хаах хатуу хуультай байдаг. Эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдэд цэргийн алба хаах хугацаанд нь тусгайлан хандсан тохиолдлыг нийгэм маш эмзэг хүлээж авдаг юм.

Хууль зүйн сайдтай холбоотой дуулиан тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний нэр хүндэд муугаар нөлөөлж эхэлснийг Realmeter байгууллагын өнөөдөр танилцуулсан санал асуулгын үр дүн харуулжээ.

Энэ долоо хоногийн Даваа гарагаас Лхагва гарагийн хооронд 1,504 хүнээс авсан санал асуулгаар ерөнхийлөгчийн рэйтинг долоо хоногийн өмнөхөөсөө 2.4 нэгжээр буурсан байна.

Мүүн Жэ Инд сөрөг үнэлгээ өгсөн хүмүүсийн тоо сүүлийн хоёр долоо хоног дараалан өссөн үзүүлэлт гарчээ.

Үүнээс гадна ижил хугацаанд эрх баригч Ардчилсан намын рэйтинг 4.1 нэгжээр буурсан бол сөрөг хүчний Ард Түмний Хүч намын рэйтинг 1.8 нэгжээр өссөн байна.

Мүүн Жэ Иний засгийн газрын өмнөх хууль зүйн сайд Чо Күктэй холбоотой дуулиан жилийн өмнө дэгдэж байсан юм. Тухайн үед Чо сайд охиноо их сургуульд элсүүлэхийн тулд албан тушаалаа ашигласан баримт ил болж, ерөнхийлөгчийн нэр хүндийг унагаж байжээ.

Хууль зүйн сайдын томилгоог эсэргүүцсэн иргэдийн жагсаал гудамжинд өрнөж, Чо Күк томилогдсоноосоо хойш ердөө нэг сарын дараа огцорч байв.

Эх сурвалж: Yonhap News, Korea Herald

Э.СЭМҮҮН, IKON.MN


0 сэтгэгдэл