|

АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоожээ

АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоожээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт болохын өмнө АНУ болон Өмнөд Солонгос улс хамтарсан цэргийн сургуулилт хийж байгааг Умард Солонгос шүүмжилж байсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ болон Өмнөд Солонгос улс хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоож байгаа тухай "The Wall Street Journal” сонин мэдээлэв.


Тус сонины мэдээлснээр хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлах санаачлагыг Өмнөд Солонгосын эрх баригчид гаргасан байна. Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болохын өмнө хоёр улс хамтарсан цэргийн сургуулилт хийх нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж болзошгүй болохыг Өмнөд Солонгосын эрх баригчид мэдэгдсэн байна.

Энэ сарын 11-нд эхэлсэн Өмнөд Солонгос болон АНУ-ын 100 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан "2018 Max Thunder" агаарын цэргийн сургуулилттай холбоотойгоор өнгөрсөн лхагва гарагт Өмнөд Солонгостой хийхээр товлоод байсан сайд нарын түвшний уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан тухайгаа Умард Солонгосын эрх баригчид мэдэгдээд байсан юм. Түүнчэн ирэх сард Сингапурт хийхээр товлоод буй Умард Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй байгаа тухай Умард Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ким Ки Гван мэдэгдсэн билээ.

0 сэтгэгдэл