Пханмунжон тосгонд Өмнөд Солонгос болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын цэргийн төлөөлөгчдийн ажлын яриа хэлэлцээ болсон тухай БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтыг угтан энэхүү яриа хэлэлцээг зохион байгуулжээ. Пхеньян хотноо маргааш эхлэх уулзалтад хоёр талаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг оролцох гэнэ. Цэргийн төлөөлөгчид Солонгосын хойгийг заагладаг цэрэггүй бүс дэх харуул хамгаалалтын цэгүүдийн ажиллагааг зогсоох зэрэг хоёр Солонгосын хоорондох цэргийн хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн асуудлыг хэлэлцсэн аж.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пхеньян хотноо хийх төрийн айлчлал гурав хоног үргэлжилнэ. Түүнийг дагалдан тус улсын 200 орчим төлөөлөгч Умард Солонгост очих аж. "БНСУ-ын эрх баригч болон сөрөг хүчний намын таван төлөөлөгч хийгээд Үндэсний ассамблейн даргыг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэгдэхийг урина” гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Им Жон Сёк мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ойрын эх сурвалжийн мэдээлснээр, төлөөлөгчдийн дунд бизнесийн салбарт тэргүүлэгчид багтсан байна. Хөтөлбөрийн дагуу Пханмунжон дахь Хамтарсан аюулгүй бүсээс зэвсэг, техникийг гаргах болон 1950-1953 оны Солонгосын дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг илрүүлэх малтлагыг хамтран хийх тухай хэлэлцэх аж.
М.Тогтох
0 сэтгэгдэл