|

Энэ хичээлийн жилд 19 мянга гаруй сурагч суралцана

 

Энэ хичээлийн жилд 19 мянга гаруй сурагч суралцана

 

 

Архангай /МОНЦАМЭ/.Энэ хичээлийн жилд Архангай аймагт төрийн өмчийн 30, хувийн өмчийн 3 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн 35, хувийн өмчийн 1 хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Эрдэнэбулган сумын 7-р багт Хүүхдийн 15-р цэцэрлэг шинээр ашиглалтад орсон.

Архангай аймагт энэ хичээлийн жилд 1-5-р ангид 9500, 6-9-р ангид 6365, 10-12-р ангид 3298 нийт 19163 сурагч суралцах урьдчилсан тоон үзүүлэлт гарчээ.

Энэ нь өнгөрсөн хичээлийн жилийн суралцагчидтай харьцуулахад ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо 1000 орчим хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар шинээр элсэгчдийг бүртгэх бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байна.

БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийн жилийн зорилгыг "Хүүхдийн сурах үйлийг дэмжиж, сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх” хэмээн тодорхойлсон байна.

Архангай аймгийн хувьд 2020-2021 оны хичээлийн жилийн зорилгыг "2020-2021 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг бүр эрүүл аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмд нийцүүлэн хичээл, сургалтын тасралтгүй байдлыг хангах, багш бүр ээлжит хичээлийн бэлтгэлийг чанартай ханган, суралцагчийг сурлагаар хоцрогдох, хичээл завсардахаас сэргийлж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах” хэмээн тодорхойлжээ.

 

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд 8 дэд зорилтыг дэвшүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллахаар төлөвлөж байна.


0 сэтгэгдэл