|

Бөх тайлбарлагч А.Ганболд: Бавуугийн Лхагвасүрэн гуай “Өсөхбаяр миний зүрхний бөх” гэж хэлсэн нь сайхан санагддаг

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат МУСТА, үндэсний бөхийн улсын ахлах тайлбарлагч А.Ганболдтой ярилцлаа.


-Та хэзээнээс бөх тайлбарлаж эхэлсэн бэ. Тэр тухайгаа хуучлахгүй юу ?

-2002 онд бөх тайлбарлагчдын улсын уралдаан Монгол бөхийн өргөөнд болж хот, хөдөө орон нутгаас ч бөх тайлбарладаг маш олон хүмүүс ирж 120 гаруй хүн оролцсон. Энэ уралдаанд ТВ-9 телевизийн бөх тайлбарлагч Ц.Батнасан түрүүлж, Эрдэнэбаатар хоёрт орж, миний бие гуравдугаар байрт шалгарсан юм. Тэр цагаас хойш албан ёсоор бөх тайлбарлаж эхэлсэн дээ. Өмнө нь бол сум орон нутаг аймаг гээд хааяахан л тайлбарладаг байлаа. Анхны тайлбарлаж байсан том барилдаан гэвэл 2001 онд болсон Архангайн багшийн сургуулийн ой бас хамгийн анхны тайлбарласан улсын цолтон бол одоогийн улсын арслан До.Ганхуяг ах юм, тэгэхэд улсын начин цолтой ирж барилдаж байлаа.

-Багаасаа бөхөд дуртай байсан нь тодорхой. Улсын наадмыг хэдэн оноос эхэлж үзсэн бол?

-Багаасаа бөхөд дурлах шалтгаан маань нутаг устай минь яахын аргагүй холбоотой. Эр хүн болгон л гараад барилдчих дуртай, чадалтай тийм л сум шүү дээ, Батцэнгэл сум. Аймгийн аваргын тэмцээн болоход дан охид л хичээлээ хийгээд үлдэнэ, хөвгүүд бол бүгд л барилдана гээд явна. Манай ангиас улсын харцага Мөнгөнцоож, аймгийн арслан Үйтүмэн, сумын заан Баатархүү, Баасанжав, аймгийн чөлөөтийн хэд хэдэн удаагийн аварга Моломжамц гээд найзууд маань байна. Ер нь сайн бөх төрөхөд тухайн хүний бие хаа төрсөн байхаас гадна багшийн оролцоо маш чухал юм билээ. Тэр үед манай суманд сумын заан П.Батбаяр, Батдэлгэр гээд багш нар дасгалжуулж олон тэмцээн уралдаанд өндөр амжилт үзүүлж, өсвөрийн үндэсний бөхийн улсын аваргад хүртэл сум дангаараа ороод улсад түрүүлж байсан цаг үе. Ингэж л бөхөд дурлаж, барилдаж чадахгүй болохоороо тайлбарлаж эхэлсэн юм болов уу даа. Яг бөх ид сонирхон үзэж эхэлсэн үе маань яах аргагүй зургаан залуу зааны үе юм шиг санагддаг. Тухайн үед гэрэл зураг их ховор, сонин дээр гарсан бөхийн зургийг хайчилж аваад л оюутны байранд өрөөнийхөө хананд тэр чигт нь битүү хадчихсан байдаг байсан.

-Өөрийн тань хүндэтгэдэг бөхчүүд гэвэл хэн хэн байна. Хуучны сайхан бөхчүүдээс хэн хэнтэй нь ойр байв, дээхнэ үеийн аварга арслангуудын дурсамж дурдатгал, сонин хачин зүйлээсээ хуваалцаач?

-Ер нь бөхчүүдийг тэр энэ гэхгүй их хүндэтгэлтэй ханддаг. Барилдахаас гадна амьдрал дээр маш түшиг нөмөртэй бас хөгжилтэй хүмүүс шүү дээ. Анд найзууд болон, дүү нар ч байна. Бөхчүүдтэй орон нутгийн наадам барилдаанууд бас хөрш орнуудаар ч явж байсан. Тэд бол монгол ёс уламжилал, соёлын биет өв тээгчид. Бөхчүүд тэднийг дагаад бөхийн гэр бүл ойр дотны хүмүүс хүртэл монгол дээл, гутал хувцас хэрэглэнэ, монгол ёс, уламжлалууд ч хамт явж байдаг. Хуучны дурсамж гэснээс дээр үеийн бөхчүүдийн алдар нэр нь хүртэл сүрдмээрийн зэрэгцээ түүх ном зохиолд бичиж үлдээсэн зүйрлэлүүдийг харахад үнэхээр гайхамшигтай нүдэнд харагдаж, нэг харахсан гэсэн хүсэл төрмөөр бичсэн байдаг. Түшээт ханы дайчин вангийн Намхай аварга, Лу гүний Вандан аварга, босоо Шагдар, босоо Самдан гээд халхын хоёр босоо, мөн Буур Жамъян гээд нэр нь хүртэл шүлэг шиг гэдэг шиг л сонсогддог. Одоо ч гэсэн үзэгчид "Гарлаа, өрлөө, давлаа гэсэн гуравхан үгээр тайлбарлагдаж байсан Дарийн Дамдин аварга, "энэ цагийн бөхийн амьд түүх домог бол Баянмөнх аварга, цагийг эзэлсэн гэдэг үг зөвхөн Бат-Эрдэнэ аваргад л зориулагдсан үг” гэх зэргээр ярилцах нь бахтай сайхан санагддаг. Мөн ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн "Өсөхбаяр миний зүрхний бөх” гэж хэлсэн нь олон хүний өмнөөс төлөөлж хэлсэн юм шиг сайхан санагдаж байдаг.

-Бадамсэрээжид гуай, Чанрав гуай, Агвааны Ганбаатар гээд ард түмэн, бөхөө дээдэлдэг олонд дуу хоолой нь танил дотно болсон сайхан тайлбарлагчид байлаа. Энэ сайхан хүмүүсийн тухай асуух гэсэн юм. Бөх тайлбарлагчийн хувьд тэдний тайлбарлах онцлогуудын тухай юу хэлэхсэн бол?

-Ер нь одоо бөх тайлбарлаж байгаа бидний хувьд өндөр шалгуур дор тайлбарлахаас аргагүй болсон. Өмнөх тайлбарлагчид маань нэр алдар нь өндөрт түгсэн, оргилд нь гарчихсан гэмээр хүмүүс байлаа шүү дээ. Миний хувьд бас азтай Чанаров гуайтай хамт үндэсний олон нийтийн телевизийн эфирт, Ганбаатар начинтай ч хажууд нь зааланд сууж тайлбарлаж үзсэн, өнөө сэлгээнд гарна гэдэг шиг (инээв). Бөхийн барилдааны тайлбар минийхээр гурван янз байна. Радио, телевиз, зааланд үзэгчдийн өмнө гэх үү дээ. Радиогийн тайлбар бол хүнд харагдахгүй байгаа зүйлийг ярьж өгөх учраас талбай дээр болж байгаа бүх үйлдлийг яриад өгч болно. Телевиз бол хүний өөрийнх нь хараад сууж байгаа юмыг ярьж өгдөг учраас илүү мэдрэмж барилдааны агуулга, үгийн баялаг шаардсан, барилдааны анализ талдаа. "За ийм мэх ирж магадгүй” гэдэг ч юм уу, ярьж болдог. Үзэгчдийн өмнөх заал, талбайн тайлбар бол амьд орчин учраас дагаад тайлбар хүртэл эмоци гаргаж, хариуцлагатай байх ёстой. Тэгээд тухайн тайлбарлагчдын хувь хүний өөр өөрсдийн онцлог, хоолойн өнгөнөөс хамаарч өөр өөр байх шиг байгаа юм. Телевизийн тайлбартаа хоолойн өнгө наалдах, барилдааныг урьдчилан мэдрэх талдаа Чанарав гуай, талбайд Ганбаатар начин уран яруу хоолойгоор баялаг түүх намтартайгаар тайлбарлах нь гоё сонсогдож үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөдөг байсан. Одоо бол бөх, үзэгч хоёрыг холбосон энэ хариуцлагатай нэр хүндтэй ажил бидний үеийн залуучуудын нуруун дээр ирсэн л дээ. Тайлбарлагчдаас хамгийн туршлагатай Ойдовын Батмөнх ах маань, дараа нь Цогтбаатар багш хамгийн мэдлэг, мэдээлэлтэй нь, хамгийн олонд хүрсэн байгаа нь Батнасан, бөхийн өргөөний тайлбарыг голлож авч яваа нь Гантөр гээд бүгд өөр өөрийн онцлогтой.

-Таны хамгийн дурсамжтай, сэтгэлд үлдсэн наадам, бөхийн барилдаан юу бол ?

-2000 онд байх аа, Дэмид жанжны 100 жилийн ой болно гээд л ёстой хөлхөж байсан. Тэр үед наадам ч ховор болдог байсан даа. Аав, ээж томчууд маань морьтой наадам үзэхээр явж, би малаа харж, дүү нараа хариуцаж үлдэж байсан юм. Тэнд том бөхчүүд ирнэ гэсэн сураг сонссон, хамгийн гол нь тайлбарлаж байгаа хүнийг нь хармаар санагдаад болдоггүй. Тэгээд тэсэхгүй наадмын өглөө гайгүй хөнгөрсөн гэсэн морио барьж унаад л, Хүнүйн гол (Эрдэнэмандал сум)-оос Баянцагааныг (Их Тамир сум) чиглээд, замын хүн амьтан сурагласаар байгаад очлоо. Бөхийн асар руу нь оруулдаггүй, мань мэтийг юу гэж оруулах вэ. Бөхчүүдийг харж зогсож байгаад, тайлбарлагчийн дууг нь асрын багана түшиж баахан сонсож аваад, хамаг хэргээ бүтээчихсэн хүн наадмын хуушуур идчихээд буцаад шогшиж билээ. За тэгээд наадам бүр л өөр өөрийн онцлогтой сайхан даа. Жалга довны үзэл биш, төрийн наадмын түрүү булаалдах бөхтэй сум байна гэдэг сайхан. Хөдөө байхад Өсөхөө аваргыг түрүүлэхэд манай сумынхан баяр ёслолын байдалтай. Наадмын хоёр өдөр буюу 12-ны оройноос дахин наадам эхэлж байгаа юм шиг л хэд хоног бөөн л жаргалтай улс байж, ирэх жилийн наадам хүртэл бахархан ярьж, омогшиж суудаг байсан.

-Мөн хамгийн сонирхолтой бөхийн тайлбаруудаас хуваалцахгүй юу. Улсын наадмаар бүтэн өдөржин зурагт хараад, ганцаараа суугаад бөх тайлбарлах амаргүй байх тийм үү ?

-Наадам бүр, барилдаан бүр өөр өөрийн онцлогтой байдаг тухай би дээр ярьсан. Тиймээс дагаад тайлбар бүр нь өөр байх нь ойлгомжтой. Мэдээж таны асууснаар наадмын өдрүүдэд ганцаараа л бүтэн хоёр өдрийн туршид зурагт хараад л сууна шүү дээ. Үндсэндээ бөхийн барилдааны яг дэргэдээс нь 2003 оноос хойш үзээгүй гэсэн үг. Дэндүү дуртай болохоороо даваа хооронд босоод л харайлгачихна. Заримтай нь ярина, хэрэгт дурлана, бөхчүүдийн ам авахаар ирээд нэр сонсож буй агшин бас л гоё шүү дээ. Харин 2015 онд байх аа, телевизүүд нэгдэж дамжуулаад Батнасан бид хоёр даваа бүрээр ээлжилж тайлбарласан юм. Тэгж нэг тухтайхан дэргэдээс нь хөлийн цэцийн хажууд сууж байгаад үзсэн. Тэр жил Батнасан маань ч сайхан байсан байх, нутгийнх нь сайхан дүү Алтанхуяг начин болоод бөөн баяр. Ер нь хоолой зангирсан барилдаанууд наадам бүрт л гарна.

-Уул нь өдийд чинь Цагаан сарын бөх ид яригдаж байдаг л даа. Гэхдээ Цагаан сар тэмдэглэхгүй учир юун бөхийн яриа, тоох хүн бага байх шиг байна. Анх удаа монгол бөхийн түүхэнд Цагаан сарын барилдаан цуцлагдлаа?

-Цагаан сар, үндэсний их баяр наадам бол ёс заншилаа сэргээн дээдэлсэн монгол түмний уламжлалт бахархалт баяр. Ялангуяа Цагаан сар бол өнө эртний уламжлалтай, ахас дээдсээ хүндэтгэсэн, ёс уламжлалаа сэргээсэн, өвлийг өнтэй давсны баяр. 1963 оноос нэгдэлчдийн баярын барилдаан гэж нэрлэж, бөх барилдаж эхэлснээс хойш 57 жил тасралтгүй зохион байгуулагдаад өнөө жил тасарч байна. Цол олгодоггүй ч, бэлгэдлээ ч боддог байх, үнэн хүчийг үзсэн шударга сайхан барилдаан болдог болохоор үзэгчид үзэх маш дуртай. Тэгээд дээр нь битүүний өдөр идээ, шүүсээ бэлдээд ахан дүүсээрээ цуглан үндэсний бөхөө үзэн суух нь нэгэнт тогтчихсон, заншил мэт болжээ. Сар шинийн барилдааны түүхээс товчхон хэлэхэд, Бат-Эрдэнэ аварга 13 удаа, Баянмөнх аварга найман удаа буюу хамгийн олон удаа, аймгийн цэргийн арслан цолтойдоо түрүүлсэн 2 бөх бол 2010 онд одоогийн улсын аварга Ч.Санжаадамба, 2011 онд одоогийн улсын харцага Ш.Мөнгөнбаатар нар бол, ид хоёр Эрдэнэ, зургаан залуу зааны өрсөлдөөний үед аргагүй шуугиулж барилдаж улсын арслан Ганбат, аймгийн арслан цолтой үзүүрлэж байсан бол 2000 онд мөн одоогийн улсын заан Магалжав аймгийн арслан цолтойдоо үзүүрлэсэн байдаг.

-Гадуур зах, худалдааны төвүүд ажиллаад байхад Бөхийн өргөөнд 64 бөх барилдуулчихаж болохгүй юм гэж та хэлж байсан. Үнэхээр үзэгч оруулалгүй, бөхчүүд болоод засуул, хөлийн цэц гэсэн тоотой хэдэн хүнийг нарийн шинжилгээнд хамруулаад 64 шилмэл бөхөө барилдуулж бичлэг хийгээд түүнийгээ битүүний орой зурагтаар гаргаж бас болох байсан л даа. Одоо гэхдээ бүх зүйл тулчихлаа?

-Уламжлал, үндэсний баяр чухал ч түүнээс илүү эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд ч чухал л даа. Байдал гайгүй байхад тийм санаа хэлж байсан юм. Одоо улам л аюул ойртоод ч байх шиг. Сар шинийн барилдааны түүхийн хуудсыг тасалдуулалгүй үргэлжлүүлчихээсэй гэсэндээ л. Тэртэй тэргүй зах олон нийтийн газраар 60-70 битгий хэл түүнээс олон хүн ч үйлчлүүлээд явж л байна. Бөхийн өргөөнд шинжилгээнд хамрагдсан 32 ч байна уу, 64 ч байна уу бөх барилдаад, ажиллах засуул цэцэд ч мөн шинжилгээнд хамрагдсан байх хэрэгтэй. Тэрийг нэг, хоёр телевиз шууд дамжуулаад хүргэчихвэл, энэ уламжлалт барилдаан Хятадын вирусээс болж тасрахгүй юм биш үү л гэж хэлсэн юм.

-Бөх тайлбарлагч, бөхийн зүтгэлтний хувьд асуухад манай бөхчүүдийн эв эвдрэлцсэн байдал, допингийн асуудал зэрэг нь өөрсдийнхөө "зах зээл”-ийг байхгүй болгож байх шиг харагдах юм?

-Ер нь эв нэгдэл гэдэг бол хамгийн чухал юм байна. Айл гэрт ч, албан газарт ч, улс оронд ч. Эв эвдрэлцсэн үедээ бусдын идэш болж байсан бараан түүх монголчуудад бий. Хоёр холбоо за тэгээд допинг, найрааны асуудал бөхийн нэр хүндийг унагаж, хүмүүст муухай харагдуулж, улмаар бусдын идэш болно гэдэг шиг дураараа захын хүн муулж, эцэс сүүлдээ бүр хэнд ч хэрэггүй, нийгэмд ч хэрэггүй гэх мэтээр ярьж байх жишээтэй. Дээрх бөхчүүдийн нэр хүндийг унагаж буй асуудалд бөхчүүд өөрсдөө ч буруутай. Допинг, найрааны асуудлаас өөрсдөө л хол байх хэрэгтэй. Харин допингийн асуудал илэрсэн бөхөд оногдуулдаг шийтгэл нь ч тодорхой байх ёстой гэж боддог. Үзэмжээр шийддэг юм шиг харагдаад байгаа. Хоёр жил эрхийг нь хасна, эсвэл цолыг нь хураадаг ч юм уу харилцан адилгүй байгаад байгаа. Одоо сүүлдээ шээс сольдог болоод ёстой бантан боллоо. Энэ бүхэн аль болох хурдан эцэслэн шийдэгдээсэй л гэж хүсч байна. Бөхчүүд, бөхийн холбоо бол нэг талын улс байх ёстой, тэгж байж санаа бодол, зорилго нэг байж энэ бүхнийг эцэслэн шийднэ. Болохгүй бүхэнтэй хамтраад тэмцэхийн оронд бас чичилж байж, бөхийнхөө төлөө зүтгэе, ажиллъя гэсэн бодолтой Магалжав, Сайнбаяр нарын зэрэг хүмүүсийг битгий шантраачихаасай л гэж боддог. Эцэст нь хэлэхэд хувьтай хүн хулгана жилийг үздэг гэдэг. Айлчлан ирж буй хулгана жилдээ хүн бүр, айл өрх бүр аз жаргалтай, эрүүл энх байж, ажил үйлс нь бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлье.

 
Өдрийн сонин

0 сэтгэгдэл