|

1300-аад оны язгууртан Монгол эмэгтэйн цүнх - Дэлхийд анхных

Лондонд одоо гарч буй үзэсгэлэнгийн тухай Би-Би-Си-гийн мэдээ. Соньхон болохоор нь орчуулж тавилаа. Уншаад онгирч омогшихгүй гэж үү.

14-р зууны үеийн эмэгтэй хүний гоёлын эд зүйл өнөөгийн Иракийн хойд хэсгээс олдсон нь дэлхий дээрхи хамгийн эртний гар цүнх байх магадлалтай бөгөөд эдүгээ Лондоны Курто галерейд гарч буй шинэ үзэсгэлэнгийн гол үзмэр болоод байна.

Гуулиар давтаж, алт, мөнгөөр жийжүүдэн үйлдсэн энэ цүнх нь цорын ганц хийц учир судлаач мэргэжилтнүүд чухам юу болохыг нь тогтооход бэрхшээлтэй байжээ. Ажлын цүнх, бичиг баримтын уут, тохом богц гэхчлэн олон янзаар таамаглаж байсан энэ цүнхийг одоо л 1300 онд Мосульд хийсэн эмэгтэй хүний гар цүнх болохыг тогтоосон аж.

Цүнхний дээр дүрсэлсэн ихэнхи хээ угалз нь лалын уламжлалт хээ дүрслэл боловч харин ордны ахуй амьдралыг дүрсэлсэн байдлаас харвал Мосулын уран дархчууд Монгол ИлХаант улсын шинэ эзэн хаадынхаа сэтгэлд нийцүүлэхийг эрмэлзсэн нь илт.

Цүнхний хавтсан дээрхи ордны үйл явдлыг дүрсэлсэн нь: "Монгол хувцастай, өдөт малгай асаасан эр, эм хоёр сэнтийд залрах агаад зардас, бараа бологч нар тойрсон байхын зүүн захад нь шонхорч, баруун захад бийваач, мөн талд дэвүүрч байх ажээ."

Цүнх зөөгч шивэгчин: "Цүнх мөрөвчилж, баруун гартаа толь, зүүндээ алчуур барьсан шивэгчинг дүрсэлсэн байх нь язгууртан эмэгтэйн зүсээ сэргээх юмс болно. Эмэгтэй хүнтэй шууд холбож ойлгож болох эд зүйл мөн гэдэг нь гайхалтай юмаа" гэж үзэсгэлэнгийн дэглэгч Рашель Уард хэлжээ. Британийн номын санд хадгалагдаж буй гар бичмэлүүдэд Монгол язгууртан эмэгтэйг ямагт дэргэдээ цүнхтэй байгаагаар дүрсэлсэн байдаг учир ийн холбох учир ч бас буй.

Энэ ордны үйл явдлын зурагт эзэн хаан буюу язгууртан ноёныг хатны хамт байгаагаар дүрсэлдэг нь Монгол соёлд эмэгтэй хүн ямар үүрэг, байр суурийг эзэлж байсныг харуулж байна. Монголын ноёрхлын өмнөх болоод хожуу үеийн лалын шашны соёл урлагт эмэгтэй хүнийг ингэж дүрслэх нь маш ховор" гэж үзэсгэлэнгийн дэглэгч мөн тэмдэглэжээ.

Орчин цагийн Прадагийн өвөг энэ гар цүнхний ганган тансаг гадар нь үнэхээр атаархал төрүүлэм ур хийцтэй. Харин доторхийг нь үзэж болохгүй учир нууц хэвээр үлдлээ.

Энэ тухайд үзэсгэлэнгийн дэглэгч "Энэ цүнхний дотор юу байсан бэ гэвэл таны, эсвэл миний цүнхний дотор юу байдагтай л адил. Хүнд үзүүлмээргүй байдаг биз дээ" гэлээ.
https://www.bbc.com/news/blogs-magazine-monitor-26288958…

0 сэтгэгдэл