|

Хонины сүүл дархлаа сайжруулдаг...

Юун тэр сүлжээний ийм тийм өвчинд сайн дархлааг сэргээнэ гэдэг хуурамч бараануудаас хэдэн мянга дахин илүү юм шүү дээ...
Монголчууд эрт дээр үеэс хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг байсан. Энэ нь зүгээр нэг хоол тэжээл төдий зүйл биш байж. Монгол хүн оюуны өндөр чадамжтай, хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой гэнэ. Сүүлийн үед өөх тос хүний биед муу нөлөөтэй гэж амтай болгон ярьж, хоол хүнсэндээ сүүлний тос хэрэглэхээс аль болох татгалзах болжээ. Ийм муухай амттай зүйлийг хүүхдэд түүхийгээр нь яаж хөхүүлэх юм, янз бүрийн малын өвчин халдчихна хэмээн эцэг эхчүүд ч цэрвэдэг болж. Гэтэл БНХАУ, Австралийн үйлдвэрүүд хонины сүүлийг бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргасан нь эрэлт ихтэй байгаа аж.

Хонины сүүл, өвчүүний хэрсэнгийн өөх нь ханаагүй хүчил ихтэй, царцах нь удаан, тэжээллэг чанар өндөр, кальци ихтэй байдаг нь судалгаагаар батлагдсан тул гаднын орнууд хүнсэндээ ашиглаж байна. Түүнчлэн монгол хонины мах бусад улсынхаас хамгийн зөөлөн, амт чанартайгаараа алдартай гэнэ. Тухайлбал, XVIII зууны эцсээр Францын Марсельд болсон яармагт Монголын тал нутгийн хонины мах тавигджээ. Тэр үед монгол хонины махтай дүйцэхүйц өрсөлдөгч гараагүй бөгөөд зоогийн газар хийсэн хоолны дотор монгол хонины махаар хийсэн зууш хамгийн амттай байсан аж. Бас нэгэн жишээ дурдахад, ОХУ-ын нэрт удирдагч Л.И.Брежнев долоо хоног бүр монгол хонины мах хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Энэ нь түүнийг ухаан санаа саруул, эрүүл чийрэг амьдруулж урт удаан наслуулсан хэмээн Л.И.Брежневийн итгэмжлэгдсэн эмчээр ажиллаж байсан монгол эмч, анагаах ухааны доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Г.Лувсан гуай нэгэнтээ дурссан байдаг юм билээ.

Хонь бусад малын иддэгээс илүү буюу 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг аж. Амт чанар сайтай учир хонины махыг хүнсний болон сувиллын газруудад гол бүтээгдэхүүн бол гон ашигласаар ирсэн. Ийм ч учраас амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, хонины уураг сүүлний өөх хөхүүлэх монгол уламжлал эрт дээр үеэс бидний үе хүртэл уламжлагдан ирсэн байна. "Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Түүнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг юм. Мөн хоолны шингэц сайжруулж, хүүхдийг тураалд оруулахгүй, өөх тосыг сайн задалдаг, ходоод нь үүнд дасан зохицсон байдаг тул гэдсийг нь эвгүйтүүлэхгүй.

Сүүл хөхөх үед хүүхэд тайвширдаг учраас тархины даралт хэвийн байдаг юм” хэмээн эмээ маань үргэлж зөвлөдөг байв. Найзын маань хүүхэд түнхний мултралтай төрсөн. Хүүхдээ ГССҮТ-ийн эмчид үзүүлтэл "Чи хүүхэддээ хонины сүүл хөхүүлдэг үү. Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир хүүхэд рахит, тархины даралттай болдоггүй. Өөрт хэрэгтэй кальциа сүүлээр дамжуулан авдаг болохоор түнхний мултрал нь ч яваандаа зүгээр болно” гэж зөвлөсөн байна лээ. Сүүлний тосоор үр хүүхдээ болон өөрсдийгөө тосолбол хий хуй дардаг хэмээн хөгшчүүл ярьдаг. Бас манай уулчин эмэгтэйчүүд өндөр ууланд авирахдаа сүүлний тосоор нүүрээ тослоход хагардаггүй гэдгийг баталсан. Ханиад хүрвэл хонины сүүлтэй "найзалбал” илүү үр дүнтэй гэнэ. Хонины сүүл идсэн хүүхэд ханиад хүрэхгүй байх боломжтой. Сүүлний ач тусыг дурдаад байвал энэ мэтчилэн олон байх юм. Монголчууд өөх тостой хоол их иддэг учраас мартах өвчинд өртдөггүй гэлцдэг.

Харин АНУ, Европын орнуудад өөхний хэрэглээ байхгүй болсноос зөнөх, мартах өвчин элбэг тохиолдох болсон байна. Монгол Улс хүн амынхаа тооноос хэд дахин илүү малтай. Түүнээс 15.5 сая нь хонь. Тийм учраас хонины сүүлэнд агуулагддаг давуу шинж чанарыг нь тодорхойлж төрөл бүрийн бүтээгдэхүүн хийн дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бидэнд байна. Манайхан хагас боловсруулсан бууз, баншинд хонины сүүл хавтгай хэрчиж савласан байдаг. Харин дангаар нь боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаагүй юм байна. Бас энэ талаар дагнаж судалгаа хийсэн эрдэмтэн байхгүй бөгөөд судалгааны зарим ажилдаа ганц хоёр хүн жишээ татаж дурдсанаас хэтрээгүй байх юм. Монгол Улсад энэ чиглэлээр бүтээгдэхүүн боловсруулах түүхий эд хангалттай бий. Дэлхийд алдартай хонины мах, сүүлийг бид бүтээгдэхүүн болгож гаднынханд сурталчилж яагаад болохгүй гэж.

0 сэтгэгдэл