|

Цагаан идээ хүний биеийн эд, эсийг сэргээдэг

Цагаан идээ гэж монголчуудын таван хошуу малынхаа сүү, саамыг төрөл бүрийн аргаар боловсруулан хийсэн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ. Гүүний сүүгээр айраг исгэнэ. Эхийн сүүг орлож чадах төрөл бүрийн амин дэмээр баялаг гүүний сүүг /саамыг/ төрөл бүрийн өвчин анагаах, дархлааг сайжруулахад сайн гэж өргөн хэрэглэдэг.

Ингэний сүүгээр айраг, цэгээ исгэхээс гадна цай сүлж, аарц буцалгаж, ааруул тавьдаг. Үхрийн сүүгээр цай сүлж, өрөм, цөцгийн тос гаргаж, ааруул тавьж, бяслаг шахаж, тараг бүрж иддэг.

Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилтөд сайн, ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулдаг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг учир монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн байда. Хонь, ямааны сүүгээр тараг бүрж, цай сүлж, ааруул тавьдаг гээд тоочин бичвэл дуусахгүй.

Цагаан идээ нь хүний биед маш хэрэгтэй амин дэмээр баялаг. Цагаан идээ тус бүрийн онцлогоос та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. 

ААРУУЛ

Амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай. Биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй. Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг, цөсний өвчин, цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Ус өөрчлөгдөж, гэдэс ходоод өвдөх үед ааруулын шүүсийг уухад дарагдана.

ТАРАГ

Орчин үеийн эрдэмтдийн судалгаагаар хавдрын эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон. Мөн дархлалын системийг идэвхжүүлэх, хордлогоос сэргийлэх, тураах, гэдэсний элдэв өвчнийг дарах, судасны ханын хатуурал болон элэг, цөс, арьсны өвчнөөс сэргийлэхэд тустай.

АЙРАГ

Шинэ үедээ исгэлэн, эхүүн амттай. Ходоодны илчлэгийг үүсгэн хоол шингээлтийг сайжруулдаг ба дэлүүний өвчин, элэг, цөсний өвчинд сайн. Эрт үеэс уушгины хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд хэрэглэж иржээ.

ААРЦ

Сүүний хүчил нь найрлагадаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис, олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой. Сүрьеэ  өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэи хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Монголчууд урин цагт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү, цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байсан бол ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна.

Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчнийг эмчлэхэд тус тус хэрэглэдэг байжээ. Ер нь тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд, эсийг сэргээж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: solongonews.mn

156 сэтгэгдэл