|

Энэ жил 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа

Энэ жил 20.0 мянга орчим тонн ургац хураан авч Атрын 60 жилийн ойгоо угтлаа

Атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэстэй газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал 11-р сарын 25-нд боллоо. Энд үе үеийн тариаланчид, агрономичид гээд олон хүн ирж, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзан баярлаж байв. Энэхүү баярын хуралд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, ХХААГ-ын дарга Д.Гомбодорж нарын хүмүүс оролцож, баяр хүргэн, шагнал гардуулсан юм.

Энэ өдөр нийт 100 гаруй иргэн шагнуулсан. Төрийн дээд одон медаль болох "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Төвшрүүлэх сумын ахмад тариаланч Ш.Шарав-Арилдий, Ч.Төмөр-Очир нар, "Алтан гадас” одонгоор долоо, "Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар гурав, "Атарчдын алдар” тэмдгээр 29, ХХААХҮЯ-ны жуух бичгээр 29, ХАА, хүнсний үйлдвэрийн тэргүүнээр 31 хүн тус тус шагнуулсан юм.

Архангай аймгийн газар тариалангийн хөгжлийн явцыг товч дурдвал,

Төр засгийн зүгээс тодорхой дэмжлэг, туслалцаа үзүүлсний дүнд мөн Архангай аймгийн газар тариалангийн салбарт ажиллаж байсан инженер, агрономич, механикжуулагчдын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд аймгийн газар тариалангийн салбарын хөгжил 1989 онд хөгжлийн шинэ шатанд гарч, 72.4 мянган га эргэлтийн талбайд үйлдвэрлэл явуулж, үр тариа 37.0 мянган га, малын тэжээл 8317 га, төмс 415 га, хүнсний ногоо 138 га талбайд тус тус тариалж, үр тариа 46.7 мянган тонн, малын тэжээл 27.2 мянган тонн, 4220 тонн төмс, 1658 тонн хүнсний ногоо хураан авч аймгийнхаа түүхэнд дээд амжилт тогтоож байжээ.

Өмч хувьчлалаар хувьчлагдсан ихэнх тариалан бүхий аж ахуйн нэгжүүд мэргэжлийн бус хүний гарт орж, улсаас олгодог зээл тусламж хаагдсан зэргээс шалтгаалан газар тариалангийн салбар уналтад орсон. Тоон баримтаас зөвхөн үр тарианы тариалалтыг үзэхэд 1989 онд 37 мянган га талбайгаас 46.7 мянган тонн ургац хураан авч байсан бол 1999 онд 1702 га талбайгаас 1040 тонн ургац хураасан нь талбайн хэмжээ 21 дахин, хураан авсан ургац 44 дахин буурсан байдаг. Үүнээс гадна хэчнээн га талбай атаршиж, хичнээн ажлын байр байхгүй болж, хэдэн айл өрхийн орлого байхгүй болсон гашуун сургамж ч бий.

Газар тариалангийн салбар ийнхүү хүнд байдалд орсон тэр цаг үед төр, засаг, аймгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд дүгнэлт хийн, газар тариалангийн салбарыг сэргээх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, атаршсан газрыг эзэмших, ашиглах, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, аймгийн төмс, гурилын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хангамжийг 50 хувь хангах зорилтыг дэвшүүлэн ажилласан.

Мөн Атрын 3-р аяны хүрээнд техникийн шинэчлэл хийх, техник дундын төвийг байгуулах, тариалангийн талбайн бүсчлэлийг тогтоох, атаршсан газрыг эргэлтэд оруулах, өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг байгуулах, жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг ХХААХҮЯ, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран хийж зохион байгуулж байна.

Үүний дээр тариаланч, механикжуулагчдын арвин туршлага, мэдлэг чадвар, энэ салбарт сэтгэл зүрхээ зориулан зүтгэж байсан үе үеийн төр засгийн болон орон нутгийн удирдлагуудын нөр их хөдөлмөрийн үр шимээр аймгийн газар тариалангийн салбар өргөжин тэлж, сэргэлтийнхээ шатанд ороод байна.



 

Архангай аймгийн тариаланчид Атрын 60 жилийн ойн босгон дээр 2019 ондоо 11178.7 га талбайд тариалалт хийж 10800 га талбайд уриншийн хөрс боловсруулалт хийсэн. Өнгөрсөн хавар 9040 га талбайд үр тариа тариалж 10581 тн, 1097 га талбайд ногоон тэжээл тариалж 3842 тн, 264.3 га талбайд төмс тариалж 2572 тн, 126 га талбайд хүнсний ногоо тариалж 1356 тн ургац, нийт 20.0 мянга орчим тонн ургац хураан авсан байна.


0 сэтгэгдэл