|

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАВ

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАВ
Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа нэгж болох "Чингис Хаан” Олон улсын нисэх буудал /ОУНБ/ байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож буй. Улсдаа хамгийн томд тооцогдох, хөх тэнгэрийн үүд хаалга гэдгээрээ онцлог тус байгуулагын 60 жилийн түүхэн ололт, амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал ”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”- гоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга Б.Нэргүй өнөөдөр гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Тэргүүн дэд дарга Б.Алтанцом, Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга С.Манлай, "Чингис Хаан” ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс, нисэх буудлын хамт олон оролцож ёслол төгөлдөр хүлээн авсан юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх "Буянт-Ухаа” нэртэй нисэх онгоцны төв буудал 1957 оны 2-р сарын 22-ний өдөр байгуулагдаж байсан түүхтэй. Тус тогтоолд дурьдсанаар "Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны дэргэд БНМАУ-ын Агаарын харилцааны газрыг байгуулж, тус улсын гадаад, дотоодын агаарын харилцааг эрхлүүлсүгэй” гэж заасан байв.  Мөн Сайд нарын зөвлөлийн 1957 оны тогтоолд олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдох тулгуур салбар болохыг нотлон тэмдэглэж байжээ.

Эдүгээ "Чингис Хаан” ОУНБ нь тусгай зориулалтын барилга байгууламж, тоноглол, машин механизм, үйлчилгээний хувьд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад нийцсэн, гааль, хилийн шалган нэвтрүүлэх, эрүүл ахуй, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт бүхий 24 цагийн үйл ажиллагаатай Монгол Улсын агаарын боомт байдлаар ашиглагддаг юм. "Чингис Хаан” ОУНБ нь 1986 онд цагт 500 зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий нисэх буудал байсан бол өнөөдөр ИНЕГ-аас баталсан шинэ бүтцийн дагуу 17 нэгж, 700 гаруй ажилтан, албан хаагчтай, цагт 1200 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 24 цагийн үйлчилгээтэй орчин үеийн нисэх буудал болон өргөжиж өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.                           

Агаарын тээвэрлэгч гадаадын 5, дотоодын 3, бусад 7 гээд нийт 15 байгууллагатай гэрээгээр хамтран ажилладаг. Эдгээр агаарын тээвэрлэгч компаниуд өнөөдрийн байдлаар Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг Олон улсын тогтмол 13 чиглэлд, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат 9 чиглэлд, нийт 22 чиглэлд, мөн орон нутгийн тогтмол 9 чиглэлд "Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж байна. Байгуулагдсанаас хойш нисэх буудлаар зорчсон зорчигчдын тоо тасралтгүй өссөөр 2013 онд 1 сая зорчигч даваад байгаа юм. Мөн "Чингис Хаан олон улсын нисэх буудал"-аар жилд дунджаар 12’500  нислэг үйлдэгдэж,  дотоодын болон олон улсаас нийт 1’009’000 гаруй зорчигч зорчиж, ойролцоогоор 5520 тонн ачаа, шуудан зөөвөрлөж байна.                                              
 

0 сэтгэгдэл