|

Иргэдэд хөрөнгийн зах зээлийн болон 1072 хувьцааны талаар мэдээлэл өглөө

Иргэдэд хөрөнгийн зах зээлийн болон 1072 хувьцааны талаар мэдээлэл өглөө

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор иргэд, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар мэдээлэл олгох "Хуримтлалтай-Хувьцаатай иргэн”аяныгМонголын Хөрөнгийн биржээс21 аймагт зохион байгуулж эхэлсэн. "Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Архангай аймагт 11-р сарын 4,5-ны өдөр үргэлжилж иргэдэд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааны тухай ойлголт, хувьцааны данс нээх, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

 

"Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр Архангай аймгийн Номын сан-Мэдээллийн төвийн номын санч Б.Шинэхорготой хувьцаа, хуримтлалын талаар ярилцсан юм.

 

-Өнөөдөр "Хуримтлалтай-Хувьцаатай иргэн”аян Архангай аймагт эхэлж байна. Та "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаар хэр зэрэг мэдээлэлтэй вэ?

-За ер нь мэдээлэл тааруу. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр хувьцааны мөнгө гэж 300,000 мянган төгрөг авч байсан. Тэрнээс өөр мэдээлэл алга.

 

-Таны бодлоор хуримтлал гэж, хувьцаа гэж юуг хэлдэг юм бол?

 

-Хуримтлал гэж хуримтлуулсан бэлэн мөнгийг хэлдэг байх. Харин хувьцаа гэж бэлэн мөнгө биш үнэт цаас. Тэрийгээ шаардлагатай тохиолдолд бэлэн мөнгө болгож хэрэглэж болох боломжтой зүйлийг хэлж байгаа байх гэж бодож байна.

 

-Хуримтал үүсгэж үзсэн үү? Нууц биш бол та яг одоо хэчнээн төгрөгийн хуримтлалтай вэ?

 

-Үзсээн. Хүүхдийнхээ нэр дээр тодорхой хэмжээгээр хадгаламжтай. Шаардлагатай үед аваад хэрэглэдэг.

 

-"Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлсэн. Таны хувьд одоо хэчнээн ширхэг хувьцаатай вэ? Дансаа нээлгэсэн үү?

 

-Нээлгэсэн. Өнгөрсөн сонгуулийн үеэр 300 ширхэгийг нь Монгол Улсын Засгийн газарт зарсан. Одоо 700 гаруй хувьцаа бий гэж ойлгож байгаа.

 

-Энэ хувьцаагаа яаж эргэлтэд оруулах ч гэдэг юм уу мэдээлэл хэр зэрэг байна?

 

-"Эрдэнэс Тавантолгой” ХК өөрөө ашигтай ажиллаад эхлэх юм бол иргэн бүр үүнээс тодорхой хэмжээний хувь хүртээд байх боломжтой гэж ойлгож байгаа шүү дээ.

 

-Тэгвэл хэр зэрэг ашигтай зүйл юм бол оо?

 

-Ер нь ашигтай. Бүрэн ашигтай ажиллах боломжтой гэсэн мэдээллийг уншиж байсан. Ер нь болох байх гэж бодож байна. Зарж, үрээд хэрэггүй юм шиг байгаа юм.

 

 

 

Харин бид үргэлжлүүлэн мэргэжлийн байгууллагаас "Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяны талаар болон 1072 хувьцааны талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, Сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбатаас тодруулсан юм.

 

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг Архангай аймагт зохион байгуулж байна. Аяны талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газрын 296 тогтоолоор "Эрдэнэс –Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянах, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг баталгаажуулах ажлыг 12 сарын эхний 7 хоногт багтаан танилцуулахыг даалгасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд орон даяар "Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг өрнүүлэн ажиллаж байна.

 

-Аяны зорилго нь юу вэ?

 

-Иргэдийн хувьцааны тоо ширхэгийг баталгаажуулах, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн зах зээл,хувьцааны талаар мэдээлэл хүргэх,"Эрдэнэс –Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг сурталчлан таниулах, мэдээлэл зөвлөгөө хүргэх, анхан шатны баримтад тулгуурлан хувьцааны тоо ширхэгийг нягтлах, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллах зорилготой.

 

-Иргэдэд ямар үр өгөөжтэй аян бэ?

 

-Хөрөнгийн зах зээлийн талаар ерөнхий мэдлэгтэй болох, хувьцаа түүний ач холбогдол болон 1072 хувьцааны тухай мэдээлэл, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зорилго, үйл ажиллагааны талаар үнэн бодитой мэдээлэл авах, өөрийн нэр дээрх хувьцаагаа шалгаж мэдэх, хамтран ажиллаж буй үнэт цаасны компаниуд хувьцааны данс нээх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох, сонирхсон асуултад хариулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

 

-Сүүлийн үед 1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна гэсэн зар цахимаар их явах болсон. Энэ хувьцааг зарж борлуулах боломжтой юу?

 

-Энэ мэдээлэл бол хуурамч мэдээлэл юм. Манай хувьцаа албан ёсоор арилжаалагдаж эхлэх болоогүй байгаа. Одоогоор энэ хувьцаа хаалттай хэлбэрт байгаа. Олон улсын болон Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж нээлттэй болсны дараа зарах, худалдан авах, өвлүүлэх зэрэг эрхүүд нээгдэнэ.

 

-Хувьцааны ач холбогдол юу вэ? Зах зээлийн үед цэнхэр, ягаан тасалбар гэж байсан тэр тасалбарын үр өгөөжийг хүртсэн иргэд цөөхөн, тэр зүйл шиг ямар ч үр өгөөжгүй зүйл болох юм биш биз дээ?

 

-90-ээд оны тэр үйл явдал дахин давтагдахаас сэргийлж, иргэд үнэн бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргаасай гэсэн үүднээс бид 1072 Мэдээллийн төв ажиллуулан мөн "Хуримтлалтай -Хувьцаатай иргэн” аяныг өрнүүлж байна.

 

-1072 хувьцааны ноогдол ашгийг хэзээ хүртэх вэ?

 

-Компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд ашиггүй ажиллаж байсан ба 2017 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. 2018 оны ноогдол ашгийг ТУЗ-өөс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас хөрөнгө оруулалтын төслүүд болох төмөр зам, автозамд хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн. 2019 оны ноогдол ашгийг олгох эсэхийг 2020 оны 1-р улиралд багтаан шийдвэрлэнэ.

 

-Оны эхэнд ноогдол ашиг гэж хорин хэдэн мянган төгрөг иргэдэд оногдож байна гэдэг зүйл яригдаад байсан. Иргэдэд яг хэчнээн төгрөг ноогдож байгаа вэ?

-1072 ширхэг хувьцаатай иргэнд 26800 төгрөг буюу нэгж хувьцаанд 25 төгрөгийн ноогдол ашиг ноогдож байгаа.

 

-Хувьцаатай болохын үр ашиг нь юу вэ?

-Хувьцаа бол таны хөрөнгө юм. Та "Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг хэсгийг эзэмшиж, хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн биеэр оролцож санал өгөх, хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, ирээдүйд олох ашгаас хувь хүртэх зэрэг олон давуу талтай.

 

-Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

-Баярлалаа

 

 

Архангай аймгийн Номын сан-Мэдээллийн төвийн номын санч Б.Шинэхорго

-Та сургалтын эхэнд хуримтлал, хувьцааны талаар мэдээлэл тааруу байсан. Мэдээлэл сонссоны дараагаар таны мэдлэг хэр зэрэг болов?

 

-Хувьцаа- хуримтлал энгийнээр хэлэхэд нэг зоосны 2 тал. Хувьцаа нь энгийн ба давуу гэсэн 2 янз байдаг. Энгийн гэдэг нь тухайн компани ашигтай ажиллаж байж хувь хүртдэг бол давуу эрхтэй хувьцаа нь тогтмол ашиг хүртдэг. Хувьцаа нь банканд буй мөнгөн хуримтлалаас хэд хэдэн давуу талтай.

Банкны хуримтлал буюу хадгаламжийн хүү тогтмол удаан өсдөг бол, хувьцаа нь богино хугацаанд хурдан өсдөг

Гадаадын хөрөнгийн бирж дээр байрших боломжтой гэдгийг мэдэж авлаа.

 

 

 

 


12 сэтгэгдэл