|

Махны үнийн өсөлт эдийн засагт ээлжит сорилт авчирлаа

Инфляц бодлогын хүүг өөрчлөхөд хүргэж болзошгүй   
Өрхийн эдийн засагт махны үнийн өсөлт хамгийн том дарамт болж эхэллээ. Энэ хавар огцом нэмэгдсэн махны үнэ зуны улиралд дорвитой хямдарсангүй өдийтэй золголоо. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц улсын хэмжээнд 8.1 хувь байна. Мөнгөний бодлогын зорилтот түвшнээс инфляцын өсөлт давжээ. Хэрэв одоогийнх шиг махны үнэ өндөр хэвээр байвал эдийн засаг дахь инфляцын дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд бодлогын хүүгээ төв банк эргэж харахаас аргагүй юм.  Монголбанкны бодлогын хүү 11 хувь. Үүнийг өөрчлөх эсэхээс инфляц цаашид хэрхэх нь шалтгаална. Харин инфляцыг мөнгөний бодлогоор дамжуулан яаж залахаас эдийн засгийн уналт, өсөлт хамаарах билээ. Инфляц зорилтот түвшнээс хэтэрч байсан жилүүдэд Монголбанк бодлогын хүүгээ үргэлж нэмж байлаа.
Бодлогын хүүг шат ахиулах тусам мөнгөний эргэлт хумигдаж, бизнесийн орчны боломж агшдаг гэмтэй. Инфляц үнийн хэмжүүрийн зөвхөн нэг үзүүлэлт гэдэг. Уг хэмжүүр өндөр байх хэрээр иргэдийн орлого тэр хэрээр үнэгүйддэг. Ингэснээр иргэдийн амьдралын түвшин уруудах, хадгаламжийн бодит үнэ цэн буурах, цалин нэмэгдсэн ч бүтээмж, үйлдвэрлэлийн эрч саармагжих сөрөг талтай.  Нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж махны үнэ тавдугаар сард өссөн. Үнэ буурахгүй байсаар инфляцад үзүүлэх нөлөө нь 0.6 нэгж хувиар нэмэгдсэн гэж төв банк мэдэгдсэн удаатай. Зуны цагт махны нийлүүлэлт нэмэгдэж, хаврын өндөр үнэ буурдаг. Харин энэ жил урьдын зүй тогтол ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл, махны үнэ хавар огцом өссөн шигээ зуны турш буурсангүй. Махны үнэ буурна гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан ч үнэ нааштай өөрчлөгдсөнгүй.  Махны бөөний төв "Хүчит шонхор” зах дээр үхрийн ястай мах жижиглэн нь 10-11 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин ясгүй нь 11-12 мянга байна.
Махны нийлүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жил эрс багассан гэж тус зах дээр тав дахь жилдээ ажиллаж буй б.удвал хэллээ. Тэрбээр малчдад малаа зарах сонирхол маш бага болсон. Хавар ноолуурын үнэ өндөр байсан болохоор малаа олноор зарж, борлуулах хэмжээнд мөнгөний эрэлт хэрэгцээ гарахгүй байх шиг байна. Намартай зэрэгцээд оюутнууд хичээл, сургуульдаа орно. Тэр үед л нийлүүлэлт жаахан нэмэгдэх байх. Мах экспортод гаргах шийдвэр ч бас үүнд нөлөөлсөн” гэв.  Махны үнийн жилийн өсөлт 32.1 хувиар хэмжигдэх аж. Жилийн инфляцад эзлэх хувь 2.96 хувь бөгөөд өргөн хэрэглээний үнийн индекст голлон нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүнийг мах ганцаараа тэргүүлж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны судалгаагаар, нийслэлийн иргэд өдөрт 100-120 тонн мах хэрэглэдэг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны үнэ төрлөөсөө шалтгаалан 25-30 гаруй хувиар өсжээ. Манай улс 2018 онд 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан. Үүний дийлэнх нь адууны мах. Энэ оны хувьд өнгөрсөн оны амжилтаа давтах зорилт тээж буй. 
• Өрхийн эдийн засагт махны үнийн өсөлт хамгийн том дарамт болж эхэллээ. Энэ хавар огцом нэмэгдсэн махны үнэ зуны улиралд дорвитой хямдарсангүй. 
• Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц улсын хэмжээнд 8.1 хувь байна. Мөнгөний бодлогын зорилтот түвшнээс инфляцын өсөлт давжээ. 
• Жилийн инфляцад эзлэх хувь 2.96 хувь бөгөөд өргөн хэрэглээний үнийн индекст голлон нөлөөлсөн бараа, бүтээгдэхүүнийг мах ганцаараа тэргүүлж байна. 
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Т.Батсүх "Махаа өмнө нь гулуузаар нь болж өгвөл авдаг байсан. Одоо хоолны махаа граммаар авах нь холгүй байна. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн юм алга. Гэтэл монголчуудын гол хэрэглээ болсон махны үнэ бараг хоёр дахин өсчихлөө. Монголдоо амьдарч байгаа атлаа Америк, Австралийн үнээр хоолны махаа авахад хүрч байна. Бидний орлоготой харьцуулахад арай хэтэрсэн ханш. Ийм байхад амьдрал болж байна гэж яаж хэлэх вэ” гэв.   Айл болгоны хоолны үндсэн орц, стратегийн хүнсний үнэ нийгмийн дундаж давхаргын хамгийн том дүнтэй худалдан авалтад тооцогдохоор байна. Махнаас гадна шинэ ногооны үнэ өндөр байгаа нь ахиад л амьдралын чанар муудахад хөтөлж мэдэх эрсдэлийн нэг. Үнийн хөөргөдлөөс болж махны үнэ одоогийн түвшинд хүрсэн гэж холбогдох албаныхан үздэг. 
Зарим аж ахуйн нэгжүүдэд захиргааны аргаар шалгалт хүртэл оруулж, тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулсан ч нийлүүлэлтийн хомсдолд дөрлүүлсэн зах зээлд үнэ буурсангүй. Өрхийн амьжиргааг сөхрүүлж буй махны бэлтгэн нийлүүлэлт манай улсад орхигдсон гэж хэлж болно. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 66.4 сая толгой малтай ч салбар хоорондын зохицуулалт энэ салбарт үгүйлэгдэх аж.  Инфляцын өсөлтийг "түлхүүрдэх” хоёр дахь суурь шалтгаанд хатуу түлш, шатахуун орж байна. Махны үнийн өсөлт нийтийн хоолны салбарт ч хүчтэй доргилт авчирлаа. Үүнээс болж үйлчилгээний газрууд өөрсдийн хоолны орц, найрлага дахь махны хэмжээг багасгах, үнээ өсгөхөд хүрч байна. Уншигч та нийтийн хоолны газрууд дээрх байдлаар хоолны цэсээ өөрчилж, шинэ үнэ тавьсан байгааг анзаарсан нь лавтай. Малын махны үнэ нийслэлд гаарсаар буй. Тэгвэл орон нутагт ч амьдын жингээрээ өссөн байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт гэхэд хонь 150 мянгаас буухгүй бол Төв аймагт 120-140 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж.  Дотоодын аялал жуулчлал эрчимжих хэрээр орон нутагт ч малын махны үнэ өссөн бөгөөд аяллын гол бүс нутгуудад үнэтэй хэвээр байна. 
Эх сурвалж: ubinfo.mn

30 сэтгэгдэл