ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболдыг “Зууны мэдээ” сонины “Монгол Улсын төлөө” булангийн зочноор урилаа.
-Та яагаад гал сөнөөгч болохыг хүссэн юм бэ?
-Миний төрсөн ах төв гал унтраах ангид гал сөнөөгч, Дамбадаржаад үйл ажиллагаа явуулж буй 34 дүгээр ангид гал сөнөөгч, нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтэст туслах жижүүр хийж байгаад өөрийн хүсэлтээр албанаасаа гарсан. Би Онцгой байдлын байгууллагад 2001 онд гурван байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжихээс өмнө Гал түймэртэй тэмцэх газрын Хан-Уул дүүрэг дэх Гал унтраах 14 дүгээр ангид гал сөнөөгчөөр ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Дөрвөн жил гаруй гал сөнөөгчөөр ажиллаж байгаад тухайн үеийн цагдаагийн академид сонсогчоор ороод 2008 онд төгсөөд Налайх дүүргийн Гал унтраах 28 дугаар салаан захирагчаар очсон. Өмнө нь бүлгийн даргын удирдлага дор байсан бол хүн удирддаг болсон. Нарийн мэргэжлийг ОХУ-д бэлддэг. Тиймээс 2012-2015 онд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академийг төгсөж ирээд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд галын шинжээч, ахлах зохицуулагчаар ажилласан. Галын шалтгаан, нөхцөлийг тогтоох үндсэн чиг үүрэгтэй хоёр жил ажиллаад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын орлогч, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилласан. 2018 оны дөрөвдүгээр сард ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн буюу галын инженерийн мэргэжлээрээ ажиллаж байгаад хэлтсийн даргаар дэвшээд ажиллаж байна.
2001 онд гал сөнөөгчийн курст байхад Гал түймэртэй тэмцэх газрын дэд хурандаа П.Хэнчмэдэхгүй “Галын инженер бол бүх төрлийн инженерийн цогц гэж ойлгоорой” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй. Гал түймрийн улсын хяналтын байцаагч ДЦС-ын үйл ажиллагааг шалгахын тулд станцын үйл явцын ажиллагааг заавал мэдэж байх ёстой. Ийм сайхан мэргэжил эзэмшээд энэ байгууллагад ажиллаж байгаадаа бахархдаг.
-Гал сөнөөгчдийн ажлын онцлог?
-Энэ алба сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр, богино хугацаанд багаар ажиллах ур чадвар, нэг хүн шиг ажиллахыг шаарддаг. Хүмүүсийн ойлголтоор асаж байгаа гал руу орж байгаа ч тэнд ямар эрсдэл хүлээж буйг мэддэггүй. Хоёрдугаарт, миний найз, хамаатан садан галд амиа алдсан байхыг үгүйсгэхгүй. Угаартсан, галд шатсан хүний цогцос өөр байдаг учраас энэ бүгдэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Нарийн төвөгшилтэй барилга байгууламжууд утаажилт ихтэй мөртлөө галны асаж байгаа голомт нь олдохгүй, хайгуулыг олон цагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Энэ бүгдийг дөнгөж ороод сурна гэж байхгүй. Тиймээс баг хамт олон үүнийг тодорхой хугацаанд суулгаж өгдөг. Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа Галын аюулгүй байдлын хуулиар зохицуулагддаг. Энэ хуульд гал унтраах анги, нэгжүүд дотроо зэрэглэлтэй гэж заасан. Зэрэглэлээсээ шалтгаалж гал унтраах ангид буй албан хаагчийн тоо ялгаатай. Гал унтраах үйл ажиллагаанд оролцож байгаа баг дотроо үндсэн өөр чиг үүргүүдтэй. Өөрөөр хэлбэл, гал унтраах дөрвөн гал сөнөөгч байгаа. Үүнийг удирдаж буй тасгийн дарга буюу салаан захирагч, бага дарга, салаан захирагчийн туслах гэсэн албан тушаалтан бий. Тэд зэрэглэлээсээ шалтгаалаад ангиуд дээрээ харилцан адилгүй. Гал унтраах автомашиныг ажиллуулж байгаа тусгай мэргэжил эзэмшсэн жолооч нар бий. Унтраах үйл ажиллагаанд оролцож буй дөрвөн гал сөнөөгч тус тусын үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эхний хоёр хошуувчийн гал сөнөөгч буюу гал унтраах хошууг аваад гал руу орно. Харин үлдсэн хоёр нь хоолой, хошууг дэлгэх. Барилга байгууламжийн хийцэд задаргаа хийх, холбоо зохион байгуулах гэсэн тусдаа үүрэгтэй. Жолооч тусгай тоноглолд зориулагдсан автомашины хөөрөг, насосыг ажиллуулна. Хэдийд яаж ус өгөх, усны даралтыг ихэсгэх үү, багасгах уу гэдгийг бүлгийг удирдаж байгаа салаан захирагчийн удирдлага дор үүрэг гүйцэтгэдэг.
-Тэгэхээр бүгд зэрэг гал руу орохгүй, дүрмээр ажилладаг гэж ойлгож болох уу?
-Бидэнд цусаар бичигдсэн дүрэм гэдэг шиг гал түймэр унтраах дүрэм байдаг. Хөгжлийнхөө явцад зургаан удаа шинэчлэгдсэн. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шинэчлэгдэж Шадар сайдаар батлуулсан, ерөнхий заасан дүрмээр ажиллана. Өөрөөр хэлбэл, ил задгай нөхцөлд нефть буюу газрын тосны бүтээгдэхүүн, автомашинд гарсан гал түймрийг яах вэ гэдгийг энэ дүрмээр зохицуулна. Салаан даргын үнэлгээ, шийдвэрээр гал сөнөөгчид тодорхой чиглэлээр гал унтраах үйл ажиллагаанд оролцоно. Энгийнээр хэлэхэд аль цонхыг онгойлгож хагалах, аль хаалгаар орох вэ гэдэг нь нарийн мэргэжил, тактик юм. Учиргүй усаар шүрших биш. Үр дүнгүй зүйл гэж байхгүй. Заавал оновчтой нөхцөл байдлыг үнэлнэ.
-Барилгад гарсан галыг хараад үнэлэх боломжтой юу?
-Олон улсад нэгдүгээрт, хүний буюу гал сөнөөгчийн аюулгүй байдал гэдэг. Зарим улсад хөдөлмөрийн аюулгүй байдал буюу аюулгүй байдал хариуцсан офицерууд байдаг. Тэд хамт дуудлагаар ирээд унтраах гэж яардаггүй. Учир нь даатгалын хуулийн зохицуулалт сайтай. Тухайн обьект, өмч хөрөнгө шатлаа гэхэд даатгалаар бүрэн хангагдсан. Хоёрдугаарт, аюулгүй байдал буюу өөрөө сайн үнэлээгүйгээр ороход магадгүй гал сөнөөгчийн амь насанд эрсдэл үүсэхэд үнэлдэг. Барилга байгууламжийн дотор орж унтраадаг, эрсдэлтэй шууд нүүр тулж унтраадаг нь манайх л байна.
Гал гарсан барилга дээр нөхцөл байдалтай танилцах таван минутын хооронд анх мэдээлэл өгсөн хүнээс манай дуудлага хүлээн авагч ямар обьект шатаж байгаа, тэр дотор юу байгаа, хүн байгаа талаар тодруулж байдаг. Ил гал гарсан нөхцөлд галын дөлийг эхний байдлаар хяналтад авахын тулд тодорхой чиглэл өгөөд ажиллах хооронд тухайн барилгын эзэн, хариуцагч, манаачаас мэдээлэл авч унтраах үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Гал сөнөөгчид цаг, минут гэж ярихгүй. Минут, секундтэй уралдаж хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах гэж ажилладаг.
Унтраахад хүндрэлтэй гал олон тохиолддог. Улаанбаатарт түгжрэл, байшин барилгын төлөвлөлттэй холбоотой. Яваад очиход хаалга нь түгжээтэй, лацтай. Эвдээд ороход дотроо тэсэрч дэлбэрэх олон баллон хураасан. Өрөө тасалгаа хаана байгаа нь тодорхойгүй зүйл их байдаг. Энэ бүгдийг аль болох хохирол багатай унтраахыг хичээдэг. Бид обьект, усан хангамжийн судалгаа гэж хийдэг.
-2023 онд гарсан газ ачсан автомашин суудлын жижиг машинтай мөргөлдөж гал түймэр гарч иргэд хохирсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энд би удирдлагаар хангаж ажилласан. Гал түймэр унтраагаад дууссаны дараа гал түймэр унтарсан нөхцөл байдал дээрээ манай гал унтраасан албан хаагчид ярилцлага хийдэг. Дээр хэлсэн дугаарууд ямар үүрэг гүйцэтгэсэн, удирдсан салаан дарга ямар шийдвэр гаргасан, тэрийг дагасан уу. Үндсэн гал түймэр унтраах дүрмийг зөрчсөн эсэх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг зөрчсөн үү. Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дүрмийг зөрчсөн үү гэж ярилцлага хийгээд дүгнэдэг. Үүний дараа дуудлага өгсөн цаг, минут. Станцаар ярьсан бүх юм бүртгэлтэй байгаа. Манай албан хаагчид дүрмийн дагуу л ажилласан.
-Энэ үеэр хоёр албан хаагч амиа алдсан шүү дээ?
-Шүүх эцэслэн шийдээгүй байхад түрүүлж ярих боломжгүй. Тэрүүхэн агшинд харамсалтай үйл явдал болсон. Шүүхийн шатандаа явж байгаа.
-Түймэртэй тэмцэхэд багаж хэрэгсэл хүрэлцээтэй байгаа юу?
-24 жилийн өмнө намайг гал сөнөөгчөөр орж байхад 1960, 1970-аад онд ОХУ-д үйлдвэрлэсэн автомашинуудыг хэрэглэж байлаа. Одоо энэ машинууд тухайн ангийн хашаанд үзмэр болсон байгаа. Сүүлийн үед харьцангуй техник хэрэгслээр бүрэн шинэчлэгдсэн. 2003 онд Японы тусламжаар Улаанбаатар хот дахь гал унтраах ангийн хүчин чадлыг сайжруулахаар гуравдагч орны автомашинууд орж ирсэн. Дараа нь Австрали, Австри, Польш, Беларусс, Францаас машин, техник хэрэгслийг ашиглаж байна. Аливаа байгууллагын үйл ажиллагаа хөгжлийн шатандаа төгс болдоггүй. Тодорхой үе шаттайгаар төсөв мөнгөтэй холбоотойгоор хөгжиж дэвшээд явдаг. Энэ хөгжил дэвшлийг бид оновчтой харж, шийдвэрийг зөв гаргаж явах ёстой. Хүн бүрт бүрэн хангагдаагүй ч тодорхой хэмжээгээр шинэчлэлт хийж байгаа.
Энэ намар ОХУ-ын Хабаровскт болсон хамтарсан сургуулилтад оролцсон. Хамтарсан сургуулилтад БНХАУ, ОХУ-ын олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцдог том баг нь ирсэн. Монголоос хил дагуу Дорнод аймгийн гал сөнөөгчид, аврах ажиллагаанд бүсийн төвүүдээс авч оролцсон. Ахалж явсан дарга нарын хэлж байгаагаар манай албан хаагчид өгсөн үүрэг даалгаврыг өндөр түвшинд илүү оролцсон гэсэн.
-Гал сөнөөгчид зөвхөн түймэр гэлтгүй бусад үйл ажиллагаанд оролцдог байх?
-Гал унтраах үйл ажиллагаа гэхээр ой хээрийн, обьектийн түймэр гээд явна. Нэгдсэн тогтолцоонд шилжээд ОБЕГ байгуулагдаад 20 гаруй жил болоход “Би гал сөнөөгч” гэдэг ажил байхгүй болсон. Малын шүлхий өвчин, гоц халдварт, ковид гээд оролцохгүй юмгүй. Сүүлдээ хүн хүч хүрэлцэхгүй төрийн үйлчилгээ явуулж байгаа учраас харилцан төрийн үйлчилгээнд бие биедээ дэмжлэг үзүүлэх үүднээс малын вакцинд хүртэл мал баригчаар ажилласан. Өдөр тутмын үйл ажиллагаанд оноосон үүргээ гүйцэтгэж байгаа ч сум, орон нутагт байгаа гал унтраах анги үер ус, цас зуд гээд бүх юманд явж байгаа. Нэг талаараа хүнд юм шиг мөртлөө нөгөө талаараа манай албан хаагчид олон зүйлд суралцаж байна. Заримдаа багш, эмч ч болж байгаа. Үүнийгээ дагаад албан хаагчийн хөгжих боломж нээлттэй болж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан баярын парад 2024.05.16
Байгууллагынхаа сүлд хийморь болсон тугийг залж явна гэдэг том бахархал. Ерөнхийлөгчийн зарлигаар анх Цэргийн гавьяаны улаан тугийн одон авахад, Байлдааны туг гардахад, 20 жилийн ойгоор Д.Сүхбаатарын одонгоор шагнуулахад би тугаа барьж байлаа. Энэ бол албан хаагчдад тэр бүр олдоод байдаггүй хувь тохиол.
-Өнөөдөр гал унтраах хэлтэст хэдэн насны залуус ажиллаж байна?
-ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт 28-35 насны залуучууд бий. Бүгд гал сөнөөгчөөс эхлээд шат дамжлагаар яваад ОХУ, холбогдох гадаад, дотоодын дээд сургууль төгсөж ирсэн. Мэргэжилтэн хийх, бодлогын түвшинд ажиллах чадвартай албан хаагчдаа сонгон шалгаруулалтаар авч байгаа. Ийм сайхан залуучуудтай гар нийлж ажиллаж байна. Чиглүүлэхдээ чиглүүлээд, заримдаа тэднээсээ суралцаад нэг баг, нэг гэр бүл болоод ажиллаж байна даа.
-Гал сөнөөгчид олон улсын тэмцээнд амжилттай оролцсон гэсэн?
-Олон улсын сургалт, тэмцээнүүд зохион байгуулагддаг. Гал сөнөөгчдийг чадавхжуулах, бодлогын түвшний асуудлууд бий. Ганцхан асуудал байдаг. Энэ нь хэлний боловсрол. Сүүлийн үеийн залуус харьцангүйгээр өөрсдийгөө бэлдээд, боловсроод явж байгаа. Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн холбооноос зохион байгуулдаг гал унтраах техник, спортын тэмцээнд бид жил бүр оролцдог. Саудын Арабын Риат хотод насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20 дахь, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа ахалж явсан. Монгол Улсаас анх удаа хоёр эмэгтэй албан хаагч оролцлоо. 14 орон оролцсоноос Монгол Улс багийн нийлбэр дүнгээр VI байрт орсон. Энэ нь бидний хувьд том амжилт. ОХУ, БНХАУ, Беларусс, Австри, Турк, Казахстан гэсэн өндөр хөгжилтэй орон энэ чиглэлийн спортоор дагнаад дэлхийд гарсан. Энэ жил Герман шинээр орж ирлээ. Манай албан хаагчид ямар ч тэмцээнд орсон шагналт байранд орохгүй ч гэсэн ур чадвараа гайхуулдаг. Хоёр эмэгтэй маань чамлахааргүй амжилттай оролцож, анхныхаа жимийг татаж, Монголынхоо дээд амжилтыг тогтоогоод ирлээ. Ирэх жил эмэгтэйчүүдээ оролцуулна. Энэ тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метр, гал унтраах тархалт гэсэн төрлөөр болдог, хүнддээ тооцогдоно. Хүнээс эзэмшсэн техникийн ур чадвар, хурд, ялалт, ялагдал дойлиор хэмжигддэг.

-Та ямар спортоор хичээллэдэг вэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Биднийг харахад гал унтраах үйл ажиллагаа яваад байгаа юм шиг мөртлөө нарийн цагийн хуваарьтай. Өдөр тутмын дасгал сургууль, чөлөөт цаг, цэргийн хээрийн бэлтгэл, алба, сэтгэл зүйн бэлтгэл хийдэг. Би энэ гал унтраах техник спортоороо мэргэжлийнхээ хувьд хичээллэнэ. Мөн сагс тоглоно. Чөлөөт цагаараа алхаж, гүйх дуртай. Энэ жилээс сэтгэлзүйчийн орон тоог нэмсэн. Өмнө нь нэгж бүрт хүрэлцээгүй байлаа. Бидний үед сэтгэлзүйч гэж байдаггүй. Сэтгэл зүйн бэлтгэлийг ах нараасаа авдаг байлаа. Одоо нийгэм ч өөр болсон. Залуучуудын сэтгэл зүй, хандлага ч өөр болсон учраас энэ рүүгээ анхаарч ажиллаж байна.
-Энэ ажлыг хийхэд ар гэрийн туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байх?
-Би 12 хүүхэдтэй айлын бага нь. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Ц.Халиун банкны салбарт ажилладаг. Хүүхдүүд маань оюутан. Ер нь ар гэрийнхэн хамт алба хаадаг. Өглөө гараад орой ирэхгүй байж ч магадгүй. Өдөр бүр тохиолдохгүй ч гэсэн байнга эрсдэлтэй байдаг учраас ар гэр энэ ажлыг хамгийн их ойлгож дэмждэг, тусалдаг байж энэ албыг явуулна. Манайд гэр бүлээрээ ажилладаг хүн олон бий. Эхнэр нь дуудлага хүлээн авагч хийнэ. Хамт дуудлагаар явах үе гарна. Тэгэхээр ар гэрээс гадна аав ээж, ах дүү нь хүртэл хамаардаг алба.
Түймэрт дунджаар 14 хоног, 2-3 сар ч явах юм байгаа. Хэдий аюулгүй байдлаа хангаж байгаа ч тухайн нөхцөл байдал янз бүр. Тухайлбал, гар, хөл холгох, түлэгдэх, мод унах, уулын хясаа, өндөр оргилд ажиллаж байгаа хүмүүс хөл алдаад хөлөө гэмтээхэд гэр бүлд нь хүнд байдаг. Олон хоног нойр, хоолгүй ажиллана. Үүний цаана эх орны аюулгүй байдал, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалдаг. Энэ албаны хөгжил аврагч, гал сөнөөгчдийн үйл хэрэгтэй шууд холбоотой.
-Иргэдэд хандаж хэлэхийг хүссэн зүйл бий юу?
-Хүмүүсийг хариуцлагатай байгаач ээ гэхээр танай ажил гэдэг. Иргэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байгаа. Таны болон иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд төрийн байгууллагууд ажиллаж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ялгаатай. Онцгой байдлын албан хаагчдад гал унтраах, эрэн хайх, аврах, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаа. Энэ байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг өөрсдийнхөө аюулгүй байдлыг ханга. Та аюулгүй байдлаа хангаснаар бусдын аюулгүй байдлыг мөн адилхан хангаж байна гэж хүлээж аваасай гэж хүсдэг. Улаанбаатарын хэмжээнд цахилгаан тасрахаар 101, 105 руу залгаж уурладаг. Зарим байгууллага, аж ахуйн нэгж дээр очоод гал түймэр гарвал та хаашаа залгах вэ гэхээр 102 гэдэг. Монголчуудын хэнэггүй зан байна. Аюулгүй байдлаа сайн хангаарай гэж хэлье дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 210 (7707)

































.jpg)
.jpg)






















0 сэтгэгдэл