|

Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх нь зүйтэй

Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх нь зүйтэй

Архангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор "Эмэгтэйчүүд-Хөгжил” чуулганыг зохион байгууллаа.

Чуулганд 19 сумын төлөөлөл 270 гаруй эмэгтэйчүүд оролцож, санал бодлоо солилцсон юм. Чуулганы үеэр МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл"Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ой өнөө жил тохиож байгаа. Эмэгтэйчүүдийн холбоо нь аль нэгэн улс төрийн байгууллагаас хараат бус зөвхөн Монголын эмэгтэйчүүдэд чиглэсэн үндэсний хэмжээний том байгууллага. Тэр утгаараа цаашид эмэгтэйчүүдийн манлайллыг түлхүү гаргаж, эмэгтэйчүүд, эхчүүдийн улс орон, нийгэмд гүйцэтгэх үүргийг чухалчлан үзэж, соён гэгээрүүлэхэд илүү үүрэг оролцоотой байх бодлогыг баримталж байгаа” гэлээ.

Мөн хүчирхийлэлд эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн их өртдөгөөс гаднатэдхүчирхийллийн талаарх мэдээллийг түгээх, сэтгэгдэл бичиж оролцох ньэрчүүдээс 2 дахин ихбайгааг судалгаагаар гаргасан байдаг байна. Иймд хандлагаа өөрчлөх талаар энэ чуулганы үеэр яригдсан юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ "Хүмүүс дижитал нийгэмд амьдарч байна. Цахим ертөнцөд сайн, муу тал олон. Эмэгтэйчүүд бид аль болох сайн талыг харах ёстой. Тухайлбал, бизнесээ өргөжүүлэх, өөртөө болон бусдад хэрэгтэй эзэнтэй мэдээллийг олонд түгээх гэх мэт. Эмэгтэйчүүд цахимд байгаа мэдээллийг эрчүүдээс 2 дахин их түгээж, сэтгэгдэл бичиж оролцдог гэсэн судалгаа байна. Бид хүчирхийлэлтэй холбоотой, айдас хүйдэстэй мэдээллийг хамгийн түрүүнд түгээж, мэдээгүй нэгэндээ мэдэгдэж, сэтгэгдэл бичиж оролцож байна. Ийм оролцоо хандлагыг одоо больж, сайн сайхныг түгээж, оролцох нь чухал байна. Энэ нь эмэгтэйчүүд бидний хүчирхийллийн эсрэг оролцож байгаа чухал оролцоо юм. Бид цахим ертөнцөд цахим гэмт хэргийг өдөөсөн, өөр хэн нэгэнд сэдэл өгсөн байдлаар туйлширч, түгээж, сэтгэгдэл бичих шаардлагагүй юм. Өөрсдийн үр хүүхдүүддээ ч цахим орчинд дахь зөв хэрэглээг зааж өг. Ирээдүйн хүчирхийлэгч биш зөв иргэнийг одооноос бэлтгэ. Мөнгө хүртэл цахим болсон байна. Бас зөв хэрэглээ чухал. Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртдөг бас нэг зүйл нь эдийн засгийн хараат байдал. Бид өөрсдөө баян хүнтэй амьдрах биш баялаг бүтээдэг байх ёстой. Хүүхдээ ч тэгж сургах нь чухал. Эмэгтэйчүүд өөрсдөө баялаг бүтээдэг болж хөгжих нь хүчирхийллээс ангид байх нэг хөшүүрэг болно. Эцэст нь хэлэхэд хүчирхийлэгчийг биш иргэнийг бэлтгэх нь бидний оролцоо. Эмэгтэйчүүд бид нам,улс төр,ажилтай, ажилгүй гэхээсээ илүү хүйсээрээ нэгдэн нийлж хүчирхийллийн эсрэг нэгдэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал хаана их байна, бид аль нам, улс төрийн харьяалал хамаагүй бүгдийгдэмжих болно” гэв.

Архангай аймгийн нийт хүн амын 49,9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, бизнэс, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарын нийт ажиллагсдын 70 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж, орон нутгийн бүтээн байгуулалтыг босголцож байна.

"Эмэгтэйчүүд-хөгжил” чуулганы үеэр Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо, хувь хүний хөгжил, айл бүхэн жаргалтай байг зэрэг илтгэлийг эмэгтэйчүүдэд танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн уриалга гаргалаа.


Уриалгадаа:

Бид зөв үйлсэд чиглүүлэгч, манлайлагч байж чадна

Бид эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэгч байж чадна

Бид гэр бүл, нийгэмдээ зөв үлгэр дууриал болж чадна.

•Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэн, орон нутагтаа хүчирхийлэлгүй нийгэм, байгууллага, гэр бүл, хамт олон, орчин бүрдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллацгаая.

•Архины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг мөрдөж, гэр бүл, нийгэмдээ амар тайван орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулцгаая.

•Эмэгтэйчүүдийн сурч боловсрох, хөгжих, чадавхжуулах, эрхийг хамгаалах чиглэлээр төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллацгаая.

•Хариуцлагатай эх, хариуцлагатай иргэд, аз жаргалтай гэр бүлийг төлөвшүүлэхийн тулд эхчүүд бид үр хүүхдүүддээ зөв үлгэр дууриал, бахархан дууриах эрхэм хүн нь байцгаая.

•Эмэгтэйчүүд бид амьдарч, ажиллаж байгаа орчиндоо эерэг хандлагыг түгээгч, дэлгэрүүлэгч байцгаая.

•Байгаль орчинд ээлтэй орон нутаг байхад эмэгтэйчүүд, ээжүүд манлайлагч байцгаая

гэсэн зургаан заалт бүхий уриалгыг нийт эмэгтэйчүүддээ уриаллаа.

 

 

 


Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Болормаа:Архангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэ удаагийн чуулганыг зохион байгууллаа. Өнөөдөр эмэгтэйчүүд яагаад хөгжил гэдгийг сонгож авч байна вэ гэхээр нийгэмд, гэр бүлд, хамт олонд, амьдарч байгаа орчинд эерэг нөлөөлөл бүхий манлайлагч эмэгтэйчүүд байх нь чухал байна. Нийгмийн тулгамдсан асуудал болох ядуурлыг бууруулах, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, шударга бус байдал, хүчирхийллийг зогсоох зэрэгт эмэгтэйчүүд хүчтэй байж, нөлөөлж чадна гэж бид харж байгаа. Архангай аймагт хамгийн сүүлд 2003 онд эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулсан. Бид чуулаагүй удсан байна. Хүлээлттэй ч байсан гэдгийг энэ чуулганаас олж харлаа. Өнөөдрийн энэ чуулганаар эмэгтэйчүүд маань ойрын зорилтоо илүү тодорхой олж харж, цаашид бодлого, зорилготой, хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллана гэж үзэж байна”гэв.


Чуулганы төгсгөлд МЭХ-ны шагнал "Манлай малчин эмэгтэй"-гээр Чулуут сумын малчин В.Самбуу, "Хүндэт тэмдэг"-ээр Хангай сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Н.Бурмаа, "ЖЭРЭС" ОУБ-ын Архангай дахь төлөөлөгч Б.Оюунтуяа, "Дурсгалын тэмдэг"-ээр Өндөр-Улаан сумын Ц.Алтантуяа, Булган сумын Н.Өлзийжаргал, Эрдэнэбулган сумын Д.Нарантуяа нар шагнуулсан бол аймгийн Засаг даргын жуух бичгээр Н.Золзаяа, Б.Оюунтуяа, Ц.Жарантай нарыг шагнасан юм.



6 сэтгэгдэл