/МОНЦАМЭ/. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажлын хүрээнд зохион байгуулж буй явуулын нэг цонхны үйлчилгээг энэ сарын 7-ны өдөр Цахир сумын алслагдсан хоёр баг болох Баянгол, Хан-Уулд хүргэж, ХДТ-ын уран бүтээлчид тоглолтоо сонирхууллаа.
Багийн иргэдэд 2016-2019 онд хийсэн, цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл хийж, тэдний асуусан асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: "Цахир суманд барьж буй томоохон бүтээн байгуулалт болох 320 хүүхдийн сургууль, 10 ортой эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, сургуулийн дотуур байрны засвар, мал угаалгын ванн зэрэг ажлуудыг энэ онд хийнэ. Мөн малын чанарыг сайжруулах чухал байна. Бид Тэрхийн бор сарлагийн үүлдрийг сэргээж байна. Бог малын тухайд Тамир, Суффолк үүлдрийн хуцаар малын чанарыг мал үржлийн нэгжүүд, Цөм сүргийн үржлийн төвөөрөө дамжуулан сайжруулах ажлыг хийж байна. Цаашид малчдыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн давуу, ололттой талууд, малын чанар, шилжилт хөдөлгөөн, вакцины товлол, хүртээмж, мөнгөний өсөлт хэрхэн бий болгох, эх оронч худалдан авалт гэж юуг хэлэх вэ зэргээр олон төрлийн мэдээллээр хангах ажлууд хийнэ" гэв.
Харин сумын удирдлагуудад авто тээврийн хэрэгслийн оношилгоог сумдаар явж хийж байгаатай холбоотойгоор сумандаа ирэхээр нь тээврийн хэрэгсэлтэй хүн бүрийг оролцуулж, зам тээврийн хөдөлгөөний болон зөрчлийн тухай хууль, дүрэм, журам гээд бусад холбоотой бүх мэдээллийг өгөх сургалтыг зохион байгуулахыг чиглэл болгосон юм.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Цахир сумын Хан-Уул багийн төвийн тохижилтод 500.000 төгрөгийг шийдэж өгөхөөр боллоо.
Өнөөдөр Цахир, Жинст багт ажиллаж байна.
0 сэтгэгдэл