|

Анхны Ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүллээ

Анхны Ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүллээ

Энэ бол нэг л баримт.
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Б.Ц нар давж заалдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна.
Нийслэлийн шүүхийнхэн анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээжээ.
Хэний хүүгийн ялыг бууруулж, хэнийхийг хэвээр үлдээсэн талаар энд ярих гэсэнгүй.
Хамгийн гол нь хар тамхи Монголыг эзэллээ. Энэ улс төрийн хямрал, ядуурал, хотын утаанаас ч хортой эд бол хар тамхи болсон байна.
Хэдхээн жилийн өмнө ДОХ-той хүмүүсээ тоолж байсан шиг хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн талаарх мэдээ сэлтийг хараад ихэд цочиж, шогширч хүлээж авдаг байлаа.
Одоо харин хар тамхины аюул Монгол Улсын хилийг нэгэнт даваад албан газар, айл өрх, дунд сургуулийн хаалгаар хүртэл орж амжжээ.
 Хар тамхины хэрэгт хүүхэд залуусын үлгэр дуурайлал авч байдаг дуучид, жүжигчид, бүр сүүлдээ төрийн албан хаагчид, шүүх, прокурорын ажилтнууд холбогдлоо гэх мэдээлэл байнга гарах болсон. Бас хөрөнгө бэлтэй, нэр хүндтэй айлын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог тохиолдол олон байгаа юм.
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.  Тэд "…Гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байна” гэж мэдээллээ.
Хамгийн сүүлд, зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээллийг ЦЕГ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд өгөв.
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, СХД-ийн XXVI хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн IV хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ.
Үүнээс гадна, нэгэн дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн ажилтан хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байгаа тухай мэдээлэл яригдаж байна. Түүнээс эд мөрийн баримтаар хар тамхийг хураан авсан бөгөөд бусдад хар тамхи худалдаж борлуулдаг байжээ.
 
Сүүлийн нэг жилийн хооронд л гэхэд 2018 оны тавдугаар сард сард "Ice Top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Коби,  Эгшиглэн буюу Т.Болортуяа нарыг хар тамхины хэрэгт холбогдсон. Мөн тавдугаар сарын 25-ны өдөр 31 настай О, 36 настай А, Т нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлагдсан.
2018 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийнхан ХУД-ийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчилж саатуулсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафетамин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан. Дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх бүлэг этгээдүүдийн дунд төргийн өмчит "Эрдэнэс Монгол” ХК-ийн мэргэжилтэн Э гэгч байжээ. Тэр этгээд хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн  байгууллагаас мэдээлж байв.
Хүүхдүүдийн дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна. Тэрээр 2018 оны есдүгээр сарын 1-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Гэрэлт гудамж”-нд хар тамхи хэрэглэчихсэн явж байгаад цагдаад баригдсан.  Шүүхээс Д.Мөнхулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн.
 "UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, "Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням нарын гурван хүнийг 2019 оны гуравдугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн үед Хүүхдийн 100 дугаар дэлгүүр орчимд цагаан өнгийн "Тоёота приус” маркийн автомашин дотор хар тамхи сэтгэцэд нөлөөлөх өвс ургамал хэрэглэсэн байж болзошгүй үед нь баривчилсан байна. Цагдаагийнхан сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хураан авсан. Үзлэгийн үеэр тэдний халааснаас 5 гр орчим мансууруулах төрлийн бодис илэрсэн байна.
Түүнчлэн манай улсын хилээр тогтмол орж ирдэг, түүнд тавих хяналт төдийлэн сайн биш нь дээрх жишээ, ер нь хар тамхины хэрэглээ Монголд их байгаатай шууд холбоотой гэдгийг холбогдох албан тушаалтнууд, ТББ-ынхан хэлдэг.
Хар тамхитай тэмцэх газрын алба 2019 оны нэгдүгээр сарын 28-нд гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан. Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулжээ. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон Нигер улсын гурван иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авчээ.
Ингээд тоочоод байвал хар тамхины аюулд Монгол Улс нэгэнт нэрвэгдсэн нь тодорхой болно.
Үүнд Цагдаагийн байгууллагын илрүүлэх, баривчлах ажлаас бусдаар Монгол Улсын төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй л байна.
Тиймээс хар тамхины улмаас хохирсон гэр бүлүүд, иргэдийн төлөөлөл, хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зарим арга хэмжээг авч эхэлсэн байна.
 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний ням гаригт дээрх хүмүүс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт зохион байгуулжээ.
Тэд энэ үеэр "…Хар тамхи, биеэ үнэлэлтийн нууц сүлжээг илрүүлэх ёстой. Энэ далд ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхан оролцдог. Хар тамхи буюу цагаан тахал дунд сургуулийн сурагчдын дунд тархаж байгаа нь туйлын ноцтой” гэдгийг хэлсэн байна. Мөн уулзалтын үеэр "…Шонхрын наймаа, хар тамхи хоёр нэг сүлжээтэй” гэсэн ноцтой мэдээлэл яригдсан байна.
Бодит байдал ийм л байна. Тиймээс цаашид хар тамхитай тэмцэх, зарж борлуулдаг хэрэглэдэг нууц сүлжээг ил болгох, хилээр нэвтэрдгийг таслан зогсоох Монгол төрийн бодлого нэн шаардлагатай болжээ.
 
 
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

1 сэтгэгдэл