|

Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

Өнөөдөр "Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчдийн гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, тэдэнд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээв. Тодруулбал, өмгөөлөгчид тэдгээр гэмт этгээдэд тохирсон ял шийтгэл оноосон эсэхийг авч хэлэлцэхийг хүссэн юм. Шүүх хуралдаанаас тэдний хийсэн хэрэг, нийгэмд учруулах аюулын шинж чанар, нөхцөл байдлын хэр хэмжээнд бүх насаар нь хорих шүүхийн шийдвэр тохирсон хэмээн магадлав. Тус магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл байвал Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй юм.

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон шүүх хурлаас тэдэнд бага насны хүүхдийн амь насанд онц хэрцгийгээр халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д заасан зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэргийг тодруулбал, 2017 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Очир төвд байрлах зочид буудлын өрөөнд 13 настай охин М-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Охиныг амиа алдах үед хамт байсан гэх А, Ж нарыг өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага сэжигтнээр татан жил гаруй хугацаанд шалгаж, улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

0 сэтгэгдэл