|

Шинэ Зеландын халдлагын сэжигтнийг сэтгэцийн эрүүл мэндийн сорилд оруулна

Шинэ Зеландын халдлагын сэжигтнийг сэтгэцийн эрүүл мэндийн сорилд оруулна

Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд өнгөрсөн сард халдлага үйлдэж, 50 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж буй этгээдийг сэтгэцийн эрүүл мэндийн сорилд оруулахыг шүүхээс үүрэг болгосон байна.

"Австралийн иргэн, 28 настай Брентон Таррантыг шүүх хуралд оролцох чадвартай эсэхийг мэргэжилтнүүд тогтоох болно" гэж Дээд шүүхийн шүүгч Камерон Мандер хэлжээ. Б.Таррантыг 50 хүний амийг хөнөөсөн, 39 хүний амийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Шинэ Зеландын түүхэнд гарч байсан халдлагуудаас хамгийн олон хүний аминд хүрсэн, эмгэнэлт тохиолдол энэ болжээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн энэ явдлыг манай улсад тохиосон "хамгийн аймшигт, хар бараан өдрүүд" хэмээн тэмдэглээд, хагас автомат зэвсэг болон дайралтын зориулалтаар ашиглах винтов бууны бүх төрлийг хориглоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.  


montsame.mn

0 сэтгэгдэл