Прокурорын байгууллагаас өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарт эрүүгийн хэрэг үүсгэж, бүрэн эрхийн түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Гишүүдийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудад зээл өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй гэх үндэслэлээр бүрэн эрхийн асуудлыг нь ийнхүү хөндөөд байгаа юм.
Хуулийн дагуу уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх сүүлийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Бүр тодруулбал 48 цагийн хугацаа нь өнөөдөр 14 цагаар дуусгавар болох ёстой аж.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.2-д "гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд ажлын 2 өдөрт /48цаг/ холбогдох байнгын хороод, дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэж түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ" гэж тус тус заасан байдаг. Хэрэв чуулганы чөлөөт цагт гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг хуулийн заалттай.
Тиймээс өнөөдөр буюу 2019.01.10-ны 14.00 цагаас өмнө уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж санал дүгнэлт гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, үүний дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.
Уг асуудлыг УИХ-д өргөн барьсан даруйд нь буюу мягмар гарагт 18 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэсэн боловч ирц хүрээгүй учраас хойшлуулсан. Харин өчигдөр хэлэлцэж эхэлсэн ч дөрвөн гишүүнийг хамтад нь оруулж ирсэн тул гишүүд бүгд дэд хорооны хуралд оролцох шаардлагатай гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшилсон. Шалтгаан нь УИХ-ын гишүүн Г.Солтан тойрогтоо ажиллаад эзгүй байсантай холбоотой юм.
Ийнхүү өнөөдөр бүх асуудлыг шуурхайлж шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй. Хэрвээ цагтаа амжиж уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй УИХ хууль зөрчих болно. Харин уг асуудлыг хэр хурдтайгаар, хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн жил прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Б.Батзориг нарыг эрүүгийн хэрэгт татаж бүрэн эрхийн түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч гишүүд олонхоороо хоёр ч удаа хамгаалж авч үлдсэн билээ.
Өнөөдөр харин иргэдийнхээ боломжийг "хулгайлсан" гэх хэрэгт холбогдоод буй дээрх нэр бүхий гишүүдийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажигласаар байна.
Б.Анир
1 сэтгэгдэл