УИХ-ын гишүүдийн хоёр нь хүчингийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байгаа. Улсын ерөнхий прокуророос Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч, энэ парламент гишүүдээ хамгаалан авч үлдлээ. Энэ нь олны зэвүү, дургүй хоёрыг зэрэг шийдвэр байлаа. Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг анхны удаад өгч байгаа юм биш.
Энэ асуудал хаврын чуулган нээгдэхтэй зэрэгцээд өрнөсөн. Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын Ерөнхий прокуророос УИХ-д хүргэгдсэн байлаа. Хууль тогтоох төрийн дээд байгууллага уг санал хууль эрхзүйн орчин байхгүй мухардалд орсон гэх үндэслэлээр тайлбар хийж, УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулсан.
Тиймээс УИХ өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд цаг хожиж байх хугацаанд дараагийн гишүүн Д.Мурат асуудал ч шалгагдаж, мөн яллагдагчаар татахаар болсон. Хуул эрхзүйн орчин бүрдэж, хуулийн цаг хугацаатай асуудалд уг удаад парламент ямар нэг тайлбар хийн буцаах үндэслэл байсангүй. Тиймээс ч өдөр алдаж шөнө гэгчээр ажлын цаг дуусахтай зэрэгцэн хуралдаж, хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй шаардлагагүй гэж үзлээ.
Уг нь дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүйгээр нам дотроо хэлэлцэн, холбогдох нэр бүхий гишүүд нь хүсэлтээ өгснөөр шийдвэрлэх гарц байсан. УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх прокурорын саналтай зэрэгцээд "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах хүсэлтээ өгсөн” гэдгээ мэдэгдэж байлаа. Харин УИХ ч, УИХ дахь МАН ч энэ асуудлаар Д.Гантулга гишүүний хүсэлтийг авч хэлэлцэх нь байтугай ам нээсэнгүй.
Тэр байтугай Д.Мурат гишүүнд холбогдох асуудлыг "гэмт буруутай гэж үзэх шаардлагагүй” гэж зарим гишүүд үзэж, эрхэм гишүүн Д.Мурат ч "Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна” хэмээн хээв нэг хамгаалж сууна лээ. Мэдээж, парламент дахь хоёр нам тохироонд хүрч, улс төрийн шийдэлд хүрсэн байхад яллагдагчаар татагдах шийдвэр эрхэм гишүүнд юуны хамаа байсан биз.
Цаашлаад энэ парламентад гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлээд гэм буруутай эсэхийг нь хуулийн өмнө үнэн зөвөөр тогтоолговол олон нийтэд нэр цэвэр байх байлаа. Хуулиа мөрдөж, хэрэгжүүлэх үүргээ хэрэгжүүлж үлгэрлэх нь хууль тогтоох дээд байгууллагын үүрэг. Хууль тогтоох дээд байгууллагын эрх ч иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээр хязгаарлагдана, уг нь.
Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гишүүдийн асуудал бүрэн эрхээ түдгэлзүүлэхгүй авч үлдсэнээр дуусгавар болохгүй. Улсын ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д дахин хүргүүлэх магадлалтай. Эсвээс гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн асуудал шүүхийн шийдвэрээс хамаарч УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэх бус эгүүлэн татах асуудал сөхөгдөнө.
Учир нь "УИХ-ын Дэгийн тухай хуулийн 6.6.6-д Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” бол УИХ-аас шийдвэр гарахгүйгээр тогтоол гаргах юм.
Гэхдээ энэ нь зөвхөн шүүхийн шийдвэрээс хамаарна.
Ямартай ч УИХ яллагдагч гишүүдийнхээ халдашгүй байдлыг хамгаалан авч үлдлээ. Энэ хаврын чуулганы нээлтэд "УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая. Хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан” хэмээн мэдэгдсэн амлалт чинь хаана байна, УИХ-ын дарга аа.
Н.Энхбат
8 сэтгэгдэл