|

Эв нэгдлийг эрхэмлэ, эрх баригчид аа

 

 

Эв нэгдлийг эрхэмлэ, эрх баригчид аа

 

УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүйгээс чуулганаар хэлэлцэх асуудал хойшилж, байнгын үйл ажиллагаатай парламент түүхэндээ гацсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Өмнө нь УИХ дахь сөрөг хүчний шаардлага, эсэргүүцлээс болоод ирц бүрдэхгүй хэлэлцэх асуудал хойшилдог үзэгдэл байсан. Харин энэ удаад УИХ дахь үнэмлэхүй олонхийн хагарал төрийг гацааж,  байнгын үйл ажиллагаатай парламентыг хэвийн үйл ажиллагааг тасалдууллаа.

 

Парламентат засаглалтай манай улсын хувьд УИХ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрх УИХ-ын сонгуулийн мөчлөгтэй адил дөрвөн жилээр хуульчлагдсан. Гэхдээ нас барсан, эрүүл мэндийн хувьд албан тушаалыг хаших боломжгүй эмнэлгийн магадлагаатай, албан тушаалаас нь чөлөөлөх ҮХЦ-ийн дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөлд УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлдөг. Ингэхдээ мөн УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ.  

 

Харин өнөөдрийн тухайд УИХ-ын дарга М.Энхболдыг "60 тэрбум”-ын асуудлаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд тавьж байгаа. УИХ-ын дарга М.Энхболд "Би хууль зөрчөөгүй. Хуулийн үндэслэлтэй шаардлага тавьж, сонгогчдынхоо элч төлөөлөгчийн хувьд хуралдаандаа оролц” гэдэг шаардлагыг тавьсаар ирлээ.

 

Гэсэн хэдий ч УИХ дахь нэр бүхий гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй, шаардлагаа тавьсаар байна. Тэр дундаа чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй, хуралдааны  суухгүй байгаа гишүүдийн олонхийг "давхар дээл”-тэй эрхмүүд бүрдүүлж байгаа.

 

Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын танхим бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрдсэн. Парламент дахь үнэмлэхүй олонхийн бүлгийн 64 гишүүний 35 нь УИХ-ын бус намын даргынхаа талд зогсож байна. Хуулиараа  Засгийн газар УИХ-аас үүрэг чиглэл авч, ажлаа тайлагнадаг. Гэвч энэ удаад УИХ-аас томилогдсон Засгийн газар ажлаа тайлагнах нь бүү хэл, парламентын бүрэн эрх рүү хууль бусаар халдаж, ирцийг нь бүрдүүлэхгүй бойкотолж байна. "Давхар дээл"-тэй ч байна уу, "дан дээл"-тэй ч байна уу УИХ-ын гишүүний хувьд хуралдаандаа суух нь  тэдний сонгогчдын өмнө хүлээсэн нэн тэргүүний үүрэг. Сонгогчид  төрд түмний төлөө, улсын төлөө зүтгээрэй гэж дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр төрийн түшээгээр сонгодог. Түүнээс бус "давхар дээл"-тэй сайд болж, намын даалгавраа ягштал биелүүлэх нь тухайн улстөрчийн араншин болохоос төрийн хүний үйлдэл биш. 

 

 УИХ дахь намын бүлгийн дарга нар гишүүдийн ирцийг бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч .  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс эхлээд чуулганы хуралдаандаа оролцохгүй,  үгээр биш үйлдлээрээ эсэргүүцэл зарлаад байна.  Өмнөх дарга Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл шинэ дарга Д.Тогтохсүрэн намын гишүүдийнхээ эв нэгдлийг хангах байтугай эвдрэлцүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх наад захын үүргээ ч гүйцэтгэхгүй байгааг гишүүд шүүмжилж байна лээ.

 

Гэхдээ түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар ажиллаж байна гэдгийг улстөрчид байтугай олон нийт андахгүй. Эрх баригч хүчний дарга У.Хүрэлсүх  МАН-ын бүлгээ парламентын гаднаас удирдаж байгаа нь намаа нэгтгэх бус хагаралдуулах үндэслэл болсон, цаашлаад намын дарга хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагийн илрэл гэдгийг  ч олон  нийт ажигласаар байгаа билээ.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг.  Нэг намыг тэргүүлж байсан, тэргүүлж байгаа энэ хоёр эрхэм Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд төр, засгийг тогтвортой удирдаад явах бүрэн эрх нь бий.

 

Өнгөрсөн өдрүүдэд эрх баригчид ойлголцолд хүрсэн эсэхээс энэ долоо хоногийн чуулганы хуралдааны ирц бүрдэх, бүлэг нь бүрэн ирцтэйгээр хуралдах   эсэх  шийдэгдэнэ.

 

УИХ дахь МАН-ын хагарал нам дотроо бус төрийн үйл ажиллагааг гацаасан энэ өдрүүдэд Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийхээр төвлөсөн байна лээ. Мэдээж, ҮАБЗ-ийн тэргүүний хувьд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай үл ойлголцлынх нь асуудлаар хэлэлцсэн нэг найдна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн,Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тунхагласан байдаг. Тиймээс төрийн ажлыг гацаасан эрх баригчид Ерөнхийлөгчийн үгийг сонсох уу гэдэг бас эргэлзээтэй ч эв нэгдлийг сахиулах нь Төрийн тэргүүний үүрэг. 

Н.Энхлэн 


0 сэтгэгдэл