|

Сонгогчдоо сонсдоггүй гишүүд төрхөмдөө буцна

 

Хариуцлагагүй, хойрго, сонгогч олноо сонсдоггүй гишүүдийг эгүүлэн татах хуулийг Ерөнхийлөгч өмнөх парламентын үед санаачилсан ч өнөөг хүртэл баталсангүй.
 
Өөрсдийнхөө эсрэг хуулийн төслийг улайм цайм буцааж чадахгүй дэмжсэн нэрээр гацаасаар парламент дамжиж байгаа юм. Харин шинээр бүрдсэн парламентын гишүүд улстөрийн соёл, эр зориг гаргах, үгүйг олон нийт харж буй.
 
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийг  энэ долоо хоногт хэлэлцэхээр товлосон. Хуулийн төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарт хариуцлага тооцох, эгүүлэн татах зохицуулалтыг тусгаж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтанг эгүүлэн татах сонгогчдын саналыг тодорхой тооны гишүүд дэмжиж гарын үсэг зурснаар хариуцлагын заалт хэрэгжих юм байна.
 
 Улстөрийн албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг тодорхой болгож өгсөн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуульд олон нийт ам сайтай байна. Анх удаа түмнээ төлөөлж, сонгогч олноо сонсдоггүй гишүүд цаашлаад Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хариуцлага тооцох механизмтай болох гэж байгаа учраас тэр. VI бүлэг, 23 зүйлтэй хуулийн төсөлд  ёс суртахуун, улс төрийн үндэслэлээр хариуцлага хүлээлгэхээр заажээ. Тодруулбал, улстөрийн албан тушаалтан ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол улстөрд болон төрийн өндөр албан тушаалд томилогдох эрхийг нь хоёр эсвэл дөрвөн жилээр хязгаарлана. Мөн сахил­гын хариуцлага тооцож олон нийтэд зарлах аж. 
 
Улс төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох хэд хэдэн үндэслэлийг хуульд тусгасныг тодруулъя. Ерөнхийлөгчийг огцруулахад УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгажээ. Ерөнхийлөгч  тангаргаасаа няцах, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд огцруулж болох юм байна.
 
Харин УИХ-ын дарга, дэд даргыг хууль ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд огцруулах юм. Мөн УИХ-ын гишүүд хууль зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн, тухайн жилийн УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд УИХ-аас эгүүлэн татаж болно. Тойргоос сонгогдсон гишүүдийг тойргийнх нь сонгогчдын 15 хувиас доошгүй нь эгүүлэн татах хүсэлт гаргасан, түүнд гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах бөгөөд ингэхдээ сонгуулийн эхний жил болон сүүлийн жил эгүүлэн татах хүсэлт гаргахгүй байхаар зохицуулжээ.
 
Түүнчлэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоосон, гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол огцруулна. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан байна.  УИХ-аас томилогдсон албан тушаалтан нь Авлигын эсрэг хууль зөрчсөн, тухайн албан тушаалд тавигдах ёс зүйн шаардлагыг удаа дараа зөрчсөн эсвэл алдаа гаргасан, албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн нь огцруулах үндэслэлтэй гэж УИХ-ын наймаас доошгүй гишүүн үзсэн бол огцруулна. Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд огцруулна.
 
Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, ёс зүйн шаардлагыг ноцтой зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бол Ерөнхий сайд огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлнэ зэргээр хариуцлагын заалтыг маш тодорхой болгожээ.  Хурал тасалдаг, ёсзүй сахидаггүй хэмээн цоллуулж дөрвөн жил сандал бөглөдөг "хэлгүй” нөхдүүдэд сургамж өгч, дараа дараагийн ээлжинд даруулга болох хуулийн төслийг  дэмжих эсэхийг 76 гишүүн мэднэ. Харин баталсных нь дараа итгэл хүлээлгэж сонгосон түшээдийг төрхөмд нь буцаах эсэхийг сонгогчид, ард түмэн шийдэх юм.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

20 сэтгэгдэл