Бид энгийн нэг байдаг л зүйл мэт үзэж ханддаг, онцгойлон анхаарал хандуулдаггүй "Жорлон" буюу бие засах газар нь ямар их чухал хэрэгцээт зүйл гэдгийг сануулж, үүнд хүн бүхэн анхаарч үзэхийг уриалах өдөр байдгийг та мэдэх үү? Энэ бол жил бүрийн 11 дүгээр сарын 19. Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг 17 дахь жилдээ тэмдэглэж байна.
Та өдөр тутмын амьдралаа жорлонгүйгээр төсөөлөөд үз дээ? Бидний хэлж заншсанаар жорлон, нойл, буюу бие засах газар нь таныг гэртээ, ажил дээрээ, гудамж талбайд, олон нийтийн газарт, эмнэлэгт, сургуульд хаана ч байлаа гэсэн бие засах газрыг зорих шаардлага гардаг. Жорлон бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Хүн бүхэн өдөрт дор хаяж 3-4, түүнээс ч олон удаа бие засах шаардлага гарч "00" /нойл/, жорлонг эрж хайдаг, ордог.
Монгол Улсын хэмжээнд хаана ч, хэн ч бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 50 шахам хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй төдийгүй сайжруулсан ариун цэврийн байгууламж /АЦБ/-гүй нөхцөлд амьдарч байгаа юм. Энэ асуудлаа шийдвэрлээгүй нь бидний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, төрөл бүрийн халдварт өвчин гарч байгаагаас эхлээд эдийн засгийн чамгүй хохирол учруулсаар байна. Улаанбаатар хотын нэг сая 380 мянга хол давсан хүн амын талаас хол илүү нь гэр хороололд амьдарч 180 мянган нүхэн жорлонд тэд бие засч байгаа нь бидний бодит амьдрал. Тиймээс ч өнөөдөр нийслэлийн хөрс шороо ямар их бохирдоод байгааг тогтоох аргагүй болсон нь нууц биш...
Өнөөдөр бид сайжруулсан АЦБ-гүй, бохирын шугамд холбогдоогүй энэ байдлаасаа шууд дүгнэлт хийхэд нийслэлчүүдийн ялгадас гудамжиндаа байна гэхэд хилсдэхгүй. Бидний эн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой энэ асуудлын чухлыг танд сануулж, ач холбогдлыг жирийн иргэнээс эхлээд шийдвэр гаргах эрхмүүд, өрх гэрээс албан байгууллага бүрийн анхаарлыг энэ зүгт хандуулах зорилгоор Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг 2011 оноос Монголд жил бүр тэмдэглэх болсон.
Сингапур улсад төвтэй Дэлхийн "00"-ийн холбооноос (World Toilet Organization) санаачлан Дэлхийн "00" -ын өдрийг 2001 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Зорилго нь гэвэл дэлхий дээр 2,4 тэрбум хүн буюу нийт хүн амын 40 хувь нь шаардлага хангасан жорлон буюу ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байгааг хүмүүст мэдүүлж, энэ байдлыг сайжруулахад орших юм. АЦБ-гүй эсвэл шаардлага хангахгүй байгаагаас үүдэж амь насаа алдсан хүмүүсийн тоо ХХ зууны турш дайн байлдаан, зөрчилдөөнөөс болж амь насаа алдсан хүмүүсээс олон аж. Амь насаа алдагсадын ихэнх нь таваас доош насны хүүхдүүд байдаг нь үнэхээр аймшигтай.
Монголд ариун цэврийн байгууламж ямархуу дүр зурагтай байна вэ?
Нийслэлийн хүн амын 51 хувь нь гэр хороололд амьдардаг. Айл өрхүүдийн 95 хувь нь бие засах газартай боловч түүний 97 хувь нь ил задгай энгийн нүхэн жорлонтой байгааг судалгаагаар тогтоосон. Ийм шаардлага хангахгүй бие засах газрыг Монголын хүн амын дийлэнх хэсэг ашиглаж байгаа нөхцөлд, үүнээс үүдсэн өвчлөл, эдийн засгийн хохирол, амьдралын таагүй орчин гээд олон асуудал ар араасаа хөврөх нь тодорхой.
Тухайлбал, Гэр хорооллын нүхэн жорлон: Энгийн нүхэн жорлонгоос шууд хамраалтайгаар хөрс, ус, орчны бохирдол дээд цэгтээ хүрч халдварт өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Монголчуудын дийлэнх нь амьдралын ийм л орчинд аж төрж байгаа учраас энгийн нүхэн жорлонгоо сайжруулах шаардлагатай болсныг өнөөгийн бидний бодит амьдрал нотлон харуулдаг. Гэр хороололд айл өрхүүд бие засах газартай ч уг жорлонгийн өтгөн шингэн нь шууд ил задгай харагдаж байдаг. Энэ нь хөрс, ус, гадна орчноо бохирдуулдаг. Хамгийн аюултай нь баас, шээс, ялгадаснаас ялаа, хортон шавжаар дамжин хоол хүнс, эд хогшил, хана туурганд дамжин хүрч, хаа сайгүй наалдаж, элдэв төрлийн өвчин үүсэх нөхцөл бүрдсэн.
Нийтийн бие засах газар: Нийслэл хот нь үүсэн байгуулагдаад 380 шахам жил болсон ч нийтийн бие засах газрынхаа асуудлыг өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэж чадаагүй л байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийтийн бие засах газар хангалтгүйгүйгээс нэг сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод иргэд ил задгай бие засах үзэгдэл хэвшил болсон нь эмгэнэлтэй.
Сургуулийн бие засах газар: Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сурч байгаа өсвөр үеийнхний бие засах газрын асуудал нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Судалгаагаар хотын сургуулийн нэг угаалтуурт дунджаар 60-100 хүүхэд ногддог бол хөдөө орон нутагт гар угаах усан хангамж, угаалтуур огт байхгүй, гадаа байрлах энгийн модон жорлонтой л байна.
Харин орон сууцныхан усныхаа тал хувийг бие засах газарт зориулдаг: Бие засах газрын асуудал харьцангуй шийдэгдсэн гэх орон сууцны оршин суугч нэг иргэн өдөрт 250 хүртэл литр ус зарцуулдаг. Харин энэ усныхаа 45 хувийг жорлонгийн ус татахдаа зарцуулдаг гэсэн судалгааг Усны газраас гаргажээ. Энэ бол ундны усны нөөц хомсдож байгаа өнөө үед усны хэмнэлттэй шинэ технологийн сантехникийн шийдлүүдийг нэн даруй нэвтрүүлэх шаардлага бий болсныг анхааруулж байна.
Хөдөө, орон нутаг дахь бие засах газрын асуудал: Хөдөөгийн хүн амын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн талаар дорвитой судалгаа, мэдээлэл хомс. Гэхдээ бодит амьдралаас харахад бас л олон бэрхшээл, асуудалтай. Сумдын сургууль, эмнэлгийн дийлэнх нь энгийн нүхэн жорлонтой бөгөөд 2 хүрэхгүй хувь нь төвлөрсөн шугамд холбогдсон сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байгаа нь хөдөөгийн ариун цэврийн байгууламжийн түвшин нийслэлээс эрс ялгаатай буюу сайжруулсан бие засах газрын хүрэлцээ 20 гаруй дахин бага байна.
Энэ бүхнээс харахад бидний дүр зураг дэлхийн улсуудтай харьцуулахад, ядуу буурай орнуудтай нэг түвшинд байгааг анзаарахгүй байхын аргагүй. Хөдөө орон нутгийн хувьд сургуулийн хүүхдүүд, эмнэлгийн өвчтөнүүд, төрсөн эмэгтэйчүүд өвөл, зунгүй хальж дүүрэх шахсан модон жорлонд бие засаж, эрүүл ахуйн нөхцөл хангах ямар ч боломжгүй орчинд амьдарч байна.
Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?
XXI дүгээр зуунд ардчилсан монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж интернэт, гар утас, үнэтэй авто машин гээд орчин үеийн бүхий л хэрэглээг ажил, амьдралдаа нэвтрүүлж, нийслэлд нь өндөр өндөр шилэн барилгууд баригдаж, дэлхийн нэртэй дэлгүүр, ресторан, зоогийн газар, зочид буудлын сүлжээнүүд салбараа нээж, ашигтай ажиллаж буйг харвал улс оронд минь хөгжил ирээд байна уу гэлтэй. Харин нийслэлийн гэр хороололоор дүүрэн байгаа жорлон хэмээх нүхэн дээр барьсан банзан жижиг амбааруудыг харахаар нэг л биш ээ!
Монголчууд бид дотроо хотын хүн, хөдөөний хүн, гэр хороололынхон, байрныхан гэж ялгарч, ондооших болсон нь улам даамжирсаар нийтийн орон сууцных, хаус, эдлэн газартнууд, элит баячууд, траншей, гудамжныхан хэмээн аж амьдарлын төвшин, зиндаагаар нь ангилдаг болжээ. Энэ баян ядуугийн ялгаа нь дээш, доош хоёр туйл руу улам бүр тэмүүлэн гүнзгийрч өнөөгийн Монголын нийгэмд өдөр, шөнө шиг ялгаатай байдал үүсэх хэмжээнд хүрээд байгааг яалтай!
Харин хөрс, газар шорооны бохирдол нь өнөөдөр баян, хоосон гэж ялгалгүйгээр хил хязгааргүй нэвчсээр байгааг тэр бүр анзаарахгүй л байна. Бидний нүдийг хашаа, хайс хааж орхисон гэж болно. Хашааны наад талд нь нүхэн жорлон байхад хашааны цаад талд нь таван метр ч хүрэхгүй зайтай газарт гүний худаг байх жишээтэй. Бид нэг дэлхий, нэг нутаг дэвсгэр дээр амьдарч байгааг мартаж болохгүй. Тэгэхээр үнэн хэрэгтээ бид нэг орон дээр нэг нь торгон хөнжилтэй, нөгөө нь ноорхой хөнжилтэй эсвэл нүцгэн хэвтэж байгаа хэрэг шүү дээ.
-Айл өрх, албан байгууллагууд "00" -ийнхоо асуудлыг сайжруулахын тулд юу хийж чадах вэ?
-Нүхэн жорлонгоо сайжруулахын тулд хэдэн төгрөг гаргах вэ?
-Хотын захиргааны эрх мэдэлтнүүд, Төрийн түшээд улс үндэстэн, хот суурин газарт ариун цэврийн ямар бодлого барьж, ямар хэмжээний төсөв батлах шаардлагатай вэ?
-Шинжлэх ухаан, технологийн байгууллагууд ямар шийдэл гаргах боломж байна?
-Төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ямар байх ёстой вэ?
Энэ олон асуултад хариу олж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулахад эн тэргүүнд бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж, байгаль орчноо хамгаалах талаар хүн бүхэн идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид энэ асуудлыг хөндөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах ёстой. Сэтгүүлчид энэ асуудлын гүнд нь орж таниулан сурталчилж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж санаа, бодлоо уралдуулан ярилцаж, шийдвэртэй үйл ажиллагаа явуулж байж л бодит амьдрал дээр биелэлээ олно.
Энэ асуудлаа амжилттай шийдвэрлэсэн улс орон, хувь хүмүүс олон бий. Энэтхэгт ялгадас, баас, шээсийг үнэд хүргэж тэрбумтан болсон хүмүүс ч байдаг. Тэднээс бид суралцах хэрэгтэй байна. Овсгоотой сүүхээтэй хүнд эндээс их мөнгө, ашиг орлого олох боломж ч байгааг бид мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Дэлхийн "00" өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг бол?
Энэ өдрийг 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж иржээ. Дэлхийн жорлонгийн холбоо бол олон улсын, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд дэлхий даяараа жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж эдүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.
Дэлхийн олон орон жорлонгийн асуудалд анхаарлаа хандуулж энэ өдрийг янз бүрээр тэмдэглэдэг. Өндөр хөгжилтэй орнуудаас дэлхий дээр 2,4 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаад туслах зорилгоор хандив цуглуулах олон арга хэмжээг зохион явуулдаг. Зарим газарт улс орныхоо хэмжээнд жорлон ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулах, дэмжих зорилгоор хамтран ажилладаг. АНУ-д оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан явуулдаг байна.
Англид жил бүрийн энэ өдөр "Голден поо" хэмээх олон улсын уран бүтээлийн уралдаан зохиодог. Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгож олсон орлогоос Дэлхий дээр жорлонгүй байгаа хүмүүст туслах, жорлон, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах үйлсэд зориулж байна.
Ил жорлонгийн хор хөнөөлийн талаарх тоо баримт
Нэг грамм өтгөн ялгадсанд 16 сая вирус, нэг сая бактери, 1000 паразитын цист, 100 паразитын өндөг агуулагддаг. Дэлхийн хэмжээнд бохирдсон ундны ус, шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг хангалтгүй сахиснаас болсон өвчлөл, нийт өвчлөлийн 88 хувийг эзэлдэг. Харин бие зассаныхаа дараа савангаар гараа угааж хэвших нь гэдэсний өвчлөлийг 40 хувиар бууруулдаг.
Хурц цочмог хэлбэрийн суулгалт өвчний улмаас шингэнээ алдаж, тэжээлийн доройтол, тураалд орж, улмаар амь насаа алдах байдал ихэвчлэн таваас доош насны хүүхдүүдийн дунд тохиолддог байна. Үүний улмаас жилд 2,2 сая хүүхэд амь насаа алддаг нь 14 секунд тутамд нэг хүүхэд эрсдэж байна. Харин манай орны хувьд жилд суулгалт өвчний 1,4 сая дуудлага (тохиолдол) бүртгэгдсэн байна.
Ариун цэврийн байгууламжаа сайжруулж чадвал суулгалт өвчний улмаас нас барах тохиолдлыг 30 дахин бууруулах болгараа савандаж угааж байх гэх мэт эрүүл ахуйн зөв дадлыг бий болговол уг тохиолдлыг 15 дахин бууруулж болох юм. Усан хангамж, бие засах газар, эрүүл ахуйн дадал, усны эх үүсвэрийн менежментийг сайжруулснаар дэлхий дээрх нийт өвчлөлийн улмаас үүсэх хор хохиролоос 1/10 дахин бууруулах боломжтой.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
20 сэтгэгдэл