|

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоногийн тоо гүйцжээ

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоногийн тоо гүйцжээ

 

Өнгөрсөн хоногуудад болж өнгөрсөн үйл явдлууд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага хэр байгааг харуулав. Ямартай ч ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тэрбум, тэрбумаар нь "хуссан” УИХ-ын гишүүд, сайд нарыг ёс зүйн хариуцлага хүлээх, сайн дураараа УИХ-ыг огцор гэх сануулгыг Ерөнхийлөгч Х.Баттулга өгчихсөн. Угтаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоногийн тоо дууссан гэдгийг анхааруулсан хэрэг.

Уг нь дээрх сангийн хөрөнгө нь нийгмийн дундаж давхрагыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгч аж ахуй нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй зээл олгох, дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮ-ийг хөгжүүлэх санд УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгий улсын төсвөөс төвлөрүүлэн өгчээ. Гэтэл зорилтот бүлэгтээ хүрч чадахгүйгээс болж 2019 оны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн төсвийг танаж багасгалаа. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн мягмар гарагт болсон бүлгийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө "Шалгалтын дүн гарсны дараа сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулах юм байна. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдвол хууль хяналтын байгууллагад шалгуулах хүртэл арга хэмжээ авна. Цаашдаа "ийм бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүй” хэмээсэн ч танхимынхаа нэг сайдаар туг тахиж энэ асуудлыг намжаасан.

Түүнийг олон нийт танхимаа тэргүүлдгийн хувьд танхимаа удирдан хамгаалж энэ удаа хариуцлагаас зугтах биш огцорсон сайдынхаа өмнөөс нь хариуцлага хүлээх байх гэж найдсан. Гэтэл Ерөнхий сайд асуудлаас цэвэрхэн бултаж цэргүүдээрээ туг тахиж хариуцлагыг өөрөөсөө холдууллаа. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоногийн хугацаа дуусгавар болсон гэдгийг болж буй үйл явдлууд харуулсан учраас шинэ оноос өмнө дараагийн Засгийн газар эмхлэгдэх нь тодорхой бололтой. Хэдийгээр энэ үйл явдал нь сөрөг хүчнээс хийж буй тулаан ч гэлээ МАН-ын хэрүүлийг хөндлөнгөөс ажвал, 2016 онд АН ялагдах болсон шалтгааныг дэлгэрэнгүйгээр харж болно.

2012-2016 онд АН УИХ-д 34 суудалтай, олонхын байр суурьтай, ихэнх аймгийн удирдлагыг гартаа авсан байсан. Гэтэл зөвхөн дотоодын хэрүүлээсээ болж 2016 онд есхөн суудалтай хоцорч, ганц л аймагт ялалт байгуулсан. Тэд одоо тэмцье гээд ч босох тэнхэлгүй байгаа. Харин энэ гашуун түүхийг МАН давтах гэж байна. Энэ уналт нь АН-д сайхан боломж гаргаж өгөх нь ойлгомжтой. Угаасаа 2021 онд МАН-ынхан эрх баригч болж чадахгүй бол түүхт зуун жилийн ой тэмдэглэхийн оронд намаа татан буулгасан этгээдүүд болж түүхэнд бичигдэнэ. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалын төлөө өөрийн үнэт зүйлсээ гаргуунд нь гаргасан тус намын энэ мэт увайгүй үйлдэл 2020 онд МАН-ыг ялагдалд хүргэх гол шалтгаан нь болно.

Хэрвээ МАН гэх улстөрийн хүчин үгүй болчихвол намдаа хоёргүй сэтгэлээр хандаж байсан олон гишүүд гудамжинд гарахаас өөр замгүй үлдэнэ. Тиймээс л ирэх 2020 оны сонгуульд МАН одоогийнх шигээ олонх болох нь бүү хэл МАН гэсэн нэр түүх болон үлдэх вий гэсэн дүр зураг харагдаж байна. Юутай ч МАН өнгөрсөн хугацаанд яасан их муухай зүйлүүдийг хийв ээ гэж халаглаж суух хүн даанч олон байна даа.

Erennews.mn


0 сэтгэгдэл