|

Хайгуулын лиценз болон бусад татварын орлогоос аймгуудад 158 тэрбум төгрөг хуваарилна

 

Хайгуулын лиценз болон бусад татварын орлогоос аймгуудад 158 тэрбум төгрөг хуваарилна

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нийт есөн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Мөн "УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тухай”, "Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ. Эдийн засгийн идэвхжилийг дэмжих төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас ирэх онд төсвийн зарлага өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс 2019 онд Монгол Улсын нэгдсэн төсөв 9.9 их наядын орлоготой, 11.5 их наядын зарлагатай байхаар тооцож буй юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Ирэх онд хайгуулын лицензийн 50 хувь, агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь, газрын тосны лицензийн төсвийн 30 хувийг тухайн аймаг өөрсдөө бие даан зарцуулах эрх олгохоор төлөвлөж буйг Б.Бат-Эрдэнэ гишүүн дурьдлаа. Энэ хүрээнд орон нутгуудад нийт хэдэн төгрөг хуваарилахыг тодрууллаа.

Дээрх зохицуулалтын хүрээнд нийт 158 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.

Харин Ж.Мөнхбат, М.Билэгт нарын гишүүн малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсныг 2020 он хүртэл хойшлуулах болсон шалтгааныг асуув. ХНХ-ын сайд С.Чинзориг, "ОУВС-гаас Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Тиймээс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор түр хойшлуулсан” гэсэн тайлбар өглөө.

Түүнчлэн Н.Учрал гишүүн, "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуульд Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулахаар тусгасан юм. Тиймээс ирэх жил уг санг байгуулах шаардлагатай байна” хэмээв. Түүнчлэн Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд энэ онд хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөж буйг тодруулсан юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ХНХ-ын сайдын багцад нэг тэрбум төгрөг тусгасан байна. Уг хөрөнгөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох аж. Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.

Харин Г.Мөнхцэцэг гишүүн Монгол Улссоёлын өвийг хамгаалах, музейн барилга байгууламжийг сайжруулах, шинээр барих шаардлага тулгарч байгааг санууллаа.

Ирэх оны төсвийн 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг хэрхэн нөхөхийгЖ.Ганбаатар гишүүн асуусан. Түүнчлэн, Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгүүдээс гадна томоохон ямар ямар бүтээн байгуулалт хийхийг тодруулсан юм.

Ирэх оны төсвийн алдагдлын дийлэнх хэсгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх шинэ нисэх буудал, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, Төв цэвэрлэх байгууламж барих зэрэг томоохон бүтээн байгуулалт багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлын дийлэнх хэсгийг урт хугацаанд, хөнгөлөлттэй нөхцлөөр төлөх боломж бий гэдгийг Сангийн сайд учирлав.Түүнчлэн ирэх оны төсвөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зэрэг ажлыг гол зорилтоо болгосон хэмээлээ.

Мөн М.Билэгт, Х.Нямбаатар, Д.Тэрбишдагва нарын гишүүд хууль, тогтоолын төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж байв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн77.4хувь хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.


0 сэтгэгдэл