|

Д.Трампын шийдвэр ирэх даваа гарагаас хэрэгжинэ

Д.Трампын шийдвэр ирэх даваа гарагаас хэрэгжинэ

БНХАУ-аас импортлох 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр энэ сарын 24-нд хүчин төгөлдөр болно. Бээжингийн эрх баригчид хариу хориг арга хэмжээ авбал, дахин 267 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд хориг тавихаа Вашингтоны тал мэдэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тэмдэглэснээр, тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд нь тавих татварыг ирэх оноос 25 хувь болгон нэмэх юм байна. "АНУ олон сарын хугацаанд Хятад улсад хандан "шударга бус” худалдаагаа зогсоохыг уриалсан. Гэвч Хятад бодлогоо өөрчлөх бодолгүй байгаа учир ийм шийдвэртэй алхам авч хэрэгжүүлж байна” гэж АНУ-ын худалдааны хэлэлцээрийг ахалж буй Роберт Лайтхайзер тайлбарласан юм.

Гадаад худалдааны тэнцэл Вашингтонд алдагдалтай тусч байгаа нь Цагаан ордны тэргүүн Дональд Трампыг импортын татварыг нэмэх шийдвэр гаргахад хүргэжээ. Өнгөрсөн онд худалдааны тэнцэл Вашингтоны хувьд 566 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байна. Тодруулбал, АНУ-ын экспорт 2.3 их наяд ам.доллар байсан бол импорт 2.9 их наяд ам.доллар байжээ. Аливаа улс экспортоосоо илүү импортолж байвал энэ нь эдийн засгийн өсөлтийг хойш татна, цаашлаад ажлын байр шинээр бий болохгүй, нэмэлт орлого үгүй бол татварын бүрдүүлэлт ч танагдана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний захиргаа тооцоо гаргажээ. Ямартай ч төсвийн алдагдлаас гаргахаа тэрбээр Цагаан ордны тэргүүний суудалд суухаас өмнө мэдэгдэж байсан юм.

0 сэтгэгдэл