|

Япон, Европын Холбоо худалдааны томоохон гэрээ байгуулж, импортын татварыг бараг тэглэлээ

Япон, Европын Холбоо худалдааны томоохон гэрээ байгуулж, импортын татварыг бараг тэглэлээ

Өчигдөр буюу Мягмар гарагт Япон улс, Европын Холбооны эрх баригчид томоохон худалдааны гэрээ байгуулж, бүх бараа бүтээгдэхүүнийхээ импортын татварыг бараг тэглэлээ.

Токиод зурагдсан энэхүү гэрээ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын эсрэг арга хэмжээ болж байна. Шинэ гэрээ нь дэлхийн эдийн засгийн гуравны нэг орчмыг хамарч, нийтдээ 600 гаруй сая хүн амтай зах зээлд үйлчлэх юм.

Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск, Евро Комиссын тэргүүн Жан Клод Юнкер нартай хамт хэвлэлийн хурал хийхдээ Японы ерөнхий сайд Шинзо Абэ "Европын Холбоо, Япон хоёр дэлхий нийтийн чөлөөт худалдааг манлайлах чин хүсэлтэй байгаагаа харууллаа” гэж хэлсэн байна.

Удирдагчид Дональд Трампын нэрийг дурдаагүй ч хэлсэн үгэндээ өөрсдийн байгуулсан гэрээ нь АНУ-ын засаг захиргааны протекшнист бодлогын эсрэг алхам гэдгийг илэрхийлж байв.

Худалдааны шинэ гэрээний нөхцлүүдийг талууд өнгөрсөн оны сүүлээр тохиролцож дуусаад байсан юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолыг энэ сарын эхээр Брюссельд хийхээр төлөвлөж байсан ч Японд тохиолдсон үерийн гамшгийн улмаас Шинзо Абэ айлчлалаа хойшлуулсан ажээ.

Гэрээний үр дүнд Японы иргэд Европын дарс, гахайн мах, бяслаг, шоколад, жигнэмэг, бэлэн хувцас, гар цүнх, эмийн бүтээгдэхүүн зэргийг хямд үнээр авах боломжтой болно. Хариуд нь Европчууд Японы загас, цай, үхрийн мах, жимс, машин механизмын бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаж авах юм.

Японоос Европт нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний импортын татварыг 99 хувиар бууруулж байгаа бол Европын экспортын бүтээгдэхүүнд эхний ээлжинд 94 хувийн, цаашдаа 99 хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.

Харин Японы хувьд стратегийн онцгой бүтээгдэхүүнд тооцогддог цагаан будааны татварыг хөндөөгүй орхисон ажээ.

Япон, Европын Холбооны хооронд томоохон худалдааны гэрээ байгуулах асуудал бүр 2013 оноос эхлэн яригдаж байв.

 

Эх сурвалж: JAPAN TODAY

0 сэтгэгдэл