|

Өвөлжилтийг дүгнэсэн Засаг дарга нар

Өвөлжилтийг дүгнэсэн Засаг дарга нар

 

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголт өгөх, хэрэгжүүлэх чиг үүргийг нь тодорхойлох зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулж Төрийн ордонд семинар зохион байгуулж байна.

Энэ үеэр өвөлжилтийн талаар аймгийн Засаг дарга нараас тодрууллаа. 

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат "Манай аймагт одоогоор өвөлжилт хүндэрсэн байдал алга. Сүүлийн хэд хоног хүйтэрсэнийг эс тооцвол өнөтэй сайхан өвөл болж байна. Аймгийн болон сумынхаа нөөцийг тараагаагүй байна. Аймгийн удирдлагууд хөдөө сумдаараа явж нөхцөл байдалтай танилцсан. Цаг агаар гайгүй байвал алзахгүй гэж тооцоольж байгаа. Ер нь хаврын саруудад л хатуурчихгүй бол гайгүй болов уу. Өвс, тэжээлийн нөөц байгаа. Алслагдсан отор нүүдлээр явж байгаа малчдадаа эхний ээлжид үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний эм тарианы хангамж, мөн онцгой байдлын чиглэлээр аймгийн нөөцөөс хөрөнгө гаргаж, шатахуун түгээх станциудтай гэрээ хийж, тэдгээрийг хүргэх, түлшний үзүүлэлтээ бэлдсэн зэрэг ажлыг хийсэн. Өвөлжилттэй холбоотой бүх ажлыг бүрэн дүүрэн хангасан болохоор өвлийг өнөтэй давна гэж бодож байна"

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал "Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-28-нд орсон их хэмжээний цас, шуурга одоо болтол арилаагүй байна. Өнөөдрийн байдлын аймгийн хэмжээнд 19 сум зудтай, найман сум зудархуу байна. Тиймээс өвөлжилт хүнд харагдаж байна. Өдөр болгон хялмаа нэмсэн явган шуургатай байлаа. Энэ хугацаанд малчид малаа ангилж, малынхаа доод талын нэмэгдэл тэжээлд оруулсан. Үүнтэй уялдаад өвс, тэжээлийн хангамж, хүрэлцээ багасч байна. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын эхээр сумдынхаа аюулгүй нөөцөд байгаа өвс, тэжээлийг иргэд, малчдад борлуулах чиглэлийг өгсөн. Нэгдүгээр сарын 20-нд дахин хуралдаж, аймгийнхаа аюулгүй нөөцөд байсан өвснийхөө 50 хувь, тэжээлийнхээ 90 орчим хувийг худалдан борлуулах чиглэлийг өгсөн. Ингэхдээ сумдын малын тоо, цас зудынх нь байдлаас шалтгаалж хуваарилж холбогдох арга хэмжээг авлаа. Засгийн газар саяхан хуралдаж улсын аюулгүй нөөцөд байсан өвс, тэжээлээсээ тодорхой хэсгийг олголоо. Ойролцоогоор 670 орчим тонн өвс, 500 орчим тонн тэжээлийн асуудлыг шийдэж өглөө. Түүнийг нь холбогдох сумд нь татан авах ажил ид үргэлжилж байна. Ер нь байдал хэцүүхэн байна. Одоо бидний анхаарал татаж байгаа зүйл бол доройтож муудсан малд өгдөг, доройтож муудахаас нь хамгаалдаг аминдэмтэй тэжээл, био бэлдмэл шаардлагатай байна"

 Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан "Бэлдсэн нөөцөө бүгдийг нь шавхсан. Өвөлжилт хүндхэн л байна. Сая Засгийн газрын шийдвэрээр 400 тонн өвс, 480 тонн тэжээлийг олгохоор болсон. Өвсийг нь үнэгүй, тэжээлийг нь 50 хувийн хөнгөлөлттэй олгох шийдвэрийг гаргасан. Үүнийгээ тээврийнхээ зардлыг нь орон нутгаасаа шийдэж, сумдад хүргэхээр ажиллаж байна. Намар өвсөө татаж байршуулахдаа хэд, хэдн суманд байршуулсан. Энэ нь цасны үеэр их хэрэг болсон. Тэндээсээ сумдад тараах ажлыг зохион байгуулсан. Бидний харж байгаагаар хэчнээн цас хайллаа ч доороо өвс муутай байгаа болохоор хаваржилт хүндрэх нь гэсэн дүр зургийг гаргасан. Энэ ч чиглэлээр нэлээн ажлыг зохион байгуулж байна. Сумдын удирдлагууд ч ажиллаж байна. Хөнгөлөлттэй үнээр өгсөн өвс, тэжээлээс гадна дахин өвс авч тараах ажлыг хийнэ. Тэжээлийн хувьд их боломжийн байгаа. Өвс бол хүндрэлтэй байна. Малчид ч хэлж байгаа"

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд "Манай аймгийн хувьд өвөлжилт хүнд байна. Тэр дундаа 10 суманд өвөлжилт хүндэрсэн. Аймгийн хэмжээнд таван сая 740 мянган толгой мал өвөлжилж байна. Энэ бол бэлчээрийн даач гурав дахин хэтэрсэнтэй холбоотой. Дээр нь өнгөрсөн онд зуншлага тааруу байсантай холбоотой нэлээн хүндэрч байна. Тиймээс Улсын онцгой комиссын тэргүүн Шадар сайд, Хөдөө аж ахуйн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хоёр, гурван удаа ирж ажиллалаа. Аймгийн хэмжээнд 850 мянга гаруй толгой мал оторлож байна. Отрын малчдыг тав тухтай байлгах асуудал их чухал. Мал их турж, хээл хаяж байна. Бид отрын бүсэд байгаа малчдыг тухайн аймгийнхан хөөхгүй байх талаас нь Өвөрхангай аймгийн зүгээс эмнэлгүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Отрын малчдад түлээ, түлшний асуудал хүнд байдаг. Энэ асуудлыг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжээс нүүрсийг үнэгүй хүргэж байна. Шадар сайд очоод манай аймагт 820 тонн өвс үнэгүй, 800 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгох шийдвэрийг гаргасан. Энэ нь малчдын хувьд нэлээн том дэмжлэг. Гэхдээ 16000 малчин өрхөөр тооцох юм бол нэг өрхөд хоёр боодол өвс, хагас шуудай тэжээл л оногдож байгаа юм"  гэлээ. 

1 сэтгэгдэл